Хоёр Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг 30 жилийн дараа Хойд Солонгост тоглолоо. Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт Хойд Солонгосын Ким Ил Сун цэнгэлдэх хүрээлэнд болж хоёр солонгосын баг 0-0 харьцаатай тэнцжээ. 

Уг тоглолтын үеэр Өмнөд Солонгосын хөгжөөн дэмжигчид болон хэвлэл мэдээллийнхнийг цэнгэлдэх хүрээлэнд оруулаагүй ба тоглолтыг шууд дамжуулаагүй байна. Иймээс тоглолтын талаарх мэдээллийг зөвхөн FIFA-ын веб хуудсаар дамжуулан авчээ. 

Энэ нь хоёр орны тамирчид 1990 оны нөхөрсөг тэмцээнээс хойш анх удаа Хойд Солонгосын талбайд тоглож байгаа үйл явдал юм. Хоёр баг хамгийн сүүлд 2017 онд Японд болсон Зүүн Азийн АШТ-д хоорондоо тоглосон ба Өмнөд Солонгосын баг 1-0 харьцаагаар ялалт байгуулжээ. 

Өмнөд Солонгосын баг 2002 онд ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүлж хагас шигшээд шалгарч байсан бол Хойд Солонгосын баг 1966 онд шөвгийн наймд үлдэж байжээ. Улмаар Өмнөд Солонгосын баг дэлхийд чансаагаараа 37-д бичигддэг бол Хойд Солонгос 113-т бичигддэг юм. Гэхдээ энэ удаагийн Хойд Солонгосын шигшээгийн бүрэлдэхүүнд Италийн Ювентус клубт тоглодог 21 настай Хан Кван Сон байгаа аж. 

Хоёр Солонгосын баг урьдчилсан шатны хэсгээсээ нэг, хоёроор гарч чадвал ДАШТ-д орох боломжтой юм. 

Эх сурвалж: The guardian, CNN