Засгийн газрын хуралдаанаар Энэр мед компаний барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн өргөтгөл болгох талаар судлахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Учир нь, хавдрын өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор ХСҮТ-ийн ачаалал эрс нэмэгдэж, өргөжүүлэх шаардлага гарчээ. Тодруулбал, сүүлийн 10 жилд амбулториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1.6 дахин өсч, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар нэмэгдсэн байна.

Манай улс ходоод, улаанхоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй өнгөрсөн оны нийт нас баралтын 25.6 хувийг хорт хавдрын шалтгаан эзэлжээ.

Хавдраар өвдөж буй хүмүүсийн 80 хувь нь хожуу шатандаа оношлуулснаас үүдэн нас барсан байна. Тиймээс хамгийн түрүүнд хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.