Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо эх орондоо очсон даруйдаа ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэнэ гэдгээ твиттер хуудаснаа мэдэгдлээ. Мөн тэрээр Венесуэлд очоод шоронд хоригдож магадгүй ч энэ нь түүний дэмжигчдийг зогсоож чадахгүй гэжээ.

Тэрээр өнгөрсөн энэ долоо хоногт Колумбын Богото хотод Венесуэлийн асуудалд туслах Лимо бүлгийн уулзалтын үеэр Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс, Колумбын ерөнхийлөгч Иван Дуки нартай уулзсан юм.

Гуайдо өнгөрсөн сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласанаас хойш Венесуэлд олон улсын хүмүүнлэгийн тусламж оруулахаар ажиллаж байна. Гэвч энэ нь ерөнхийлөгч Николас Мадурогийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Учир нь тэрээр эх оронд хүмүүнлэгийн асуудал тулгараагүй бөгөөд Америкийг тусламж өгөх нэрийдлээр өөрийг нь унагах гэж оролдож байна гэжээ.

Мадуро эх орныхоо эдийн засгийн хямралд дорвитой арга хэмжээ авч чадаагүй хэрнээ өнгөрсөн онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсонд Венесуэлчүүд дургүйцэж түүнийг огцрохыг шаардаж байгаа байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Колумбтай залгаа хил дээрх Америкийн тусламжийг нэвтрүүлэхийг шаардсан жагсагчдын эсрэг Венесуэлийн цэргүүд нулимс асгаруулагч, хийн буу ашигласнаас болж таван хүн амиа алдаж 300 орчим хүн шархдсаны 37 нь эмнэлэгт хүргэгджээ.  

Эх сурвалж: CNN