Хуавейгийн бүтээж буй үйлдлийн систем iOS, андройдоос 60 хувь хурдан байна гэж тус компаний гүйцэтгэх захирал Рэн Зэнфей мэдээллээ. 

Мөн уг үйлдлийн системийг таблет, компьютер зэрэгт ашиглах боломжтой юм. 

Хуавей компани андройдыг орлох ХонгМенг OS гэх үйлдлийн систем бүтээж байгаа гэдгээ мэдэгдсэн ба хэрэв Америк тус компанид тавьсан хоригоо хэвээр үлдээвэл уг үйлдлийн системээ ашиглах юм. 

Гэвч App Store, Play Store-той өрсөлдөхүйц аппликейшн худалдааны вебсайт хөгжүүлэх нь амаргүй ажил гэдгийг Виндөүс, Блэкберригийн үйлдлийн системүүд батлаад буй. 

Хуавей компани ухаалаг утас үйлдвэрлэлээрээ Самсунгийн дараа хоёрдугаарт бичигддэг ч аппликейшн хөгжүүлэгчдийг өөрсдийн үйлдлийн системд зориулсан аппликейшн гаргахыг ятгана гэдэг хэцүү гэж судлаачид үзжээ. 

Америкийн засгийн газар өнгөрсөн тавдугаар сард Хуавейгийн утаснуудыг үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй гэж үзэн худалдааны хориг тавьсан юм.

Үүнээс үүдэн Гүүгл компани Хуавей компаний гар утсанд андройд системийн эрх олгохгүй гэх шийдвэр гаргасан ба ирэх наймдугаар сар хүртэл түр ашиглахыг зөвшөөрчээ.

Эх сурвалж: Techradar, ZDNet