Хуавей компаний санхүүгийн менежер Мэн Ванзоу 188 мянган ажилтнууддаа захидал илгээжээ.

Тэрээр захидалдаа, “Хуавейгийн ажилчид шөнөжин Ванкувер хотын шүүхийн гадаа намайг хүлээж байгааг хараад сэтгэл их хөдөлсөн” гэсэн байна.

Мэн Ванзоу өнгөрсөн 12 сард Ираны хоригийг зөрчсөн хэргээр Канадад саатуулагдсан бөгөөд одоогоор батлан даалтад байгаа юм. Түүнийг удахгүй Америкийн талд шилжүүлж Нью-Йоркийн шүүхээс ял оноож магадгүй байна.

Мэн Ванзоуг саатуулсан явдал Хятад, Канад, Америкийн дипломат харилцаанд сэв суулгасан бөгөөд Америк, Хятадын худалдааны дайныг улам өдөөсөн юм.

Улмаар Мэн Ванзоу өнгөрсөн гуравдугаар сард Канадын Засгийн газрыг түүний эрхэнд халдсан гэж үзэн шүүхэд өгчээ. Түүний дараагийн шүүх хурал ирэх есдүгээр сард болох юм.

Хуавей компанийг Хятадын засгийн газарт Америкийн улсын нууцтай холбоотой мэдээллийг өгдөг гэж Америкийн тал үздэг юм. Мөн T-Mobile компаний худалдааны нууцыг хулгайлахаар оролдсон хэрэгт буруутгаж байжээ.

Эх сурвалж: CNN, The star