Хуавей компани дэлхийн шилдэг ухаалаг утас үйлдвэрлэгч болох зорилгодоо хүрэхэд нэлээдгүй хугацаа шаардлагатай гэдгийг тус компаний стратегийн дарга Шао Ян хэлжээ. Түүний хэлснээр Хуавей одоогоор өдөрт 500 мянгаас 600 мянган утас худалдаалж байгаа гэнэ.

Хуавей компани энэ жил Америкийн зах зээлгүйгээр дэлхийн тэргүүлэх ухаалаг утас үйлдвэрлэгч болно гэдгээ өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн юм. Тухайн үед Хуавей ухаалаг утас үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт буюу Самсунгийн дараа бичигдэж байжээ.

Гэвч Америкийн засгийн газар өнгөрсөн сард Хуавей компанид хориг тавьж дотоодын компаниудаа худалдаа хийхийг нь хориглосон юм. Үүнээс болж Хуавейгийн утасны гадаад худалдаа энэ онд дөрөвний нэгээр буурах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Америкийн хоригоос болж Гүүгл компани Хуавейтэй харилцаагаа тасалж цаашид андройд үйлдлийн системээ худалдахгүй гэдгээ мэдэгсэн юм. Үүнээс хойш Хуавей өөрсдийн бүтээж буй үйлдлийн системээ сайжруулж байгаа юм. Үүнээс гадна Оросын компаний хөгжүүлж буй Аурора үйлдлийн системийг ашиглах талаар ярилцаж байгаа гэж Оросын Белл агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр Хуавейгийн дарга Гуо Пин Санкт Петербург хотод болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр Оросын дижитал хөгжүүлэлт, харилцааны сайд Константин Носковтой уулзсан байна. Улмаар Хуавейгийн утаснуудад Аурора үйлдлийн системийг туршиж эхэлсэн гэнэ.

Үүнээс гадна Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин нар энэ сард уулзсан бөгөөд энэ үеэр Хуавейгийн утсанд Аурора үйлдлийн системийг ашиглах, Хуавейгийн үйлдвэрийг Орост байгуулах зэрэг асуудлаар ярилцсан байна.

Эх сурвалж: CNN, RT, Al jazeera