Шинэ Зеланд улс Мягмар гарагт Хятадын Huawei компанийн үйлчилгээнээс татгалзаж байгаагаа зарлалаа. Ингэхдээ “Үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй” гэжээ.

Ийнхүү Шинэ Зеланд Huawei аюулгүй байдлын заналхийлэл гэж үзсэн гурав дахь орон болж байна. Үүнээс өмнө Америк, Австрали Huawei компанийг дараа үеийн хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ буюу 5G технологийн ханган нийлүүлэгчээр ажиллуулахаас татгалзжээ. Мөн Канад, Их Британи энэ хоригт нэгдэнэ гэсэн хүлээлт үүсээд байна.

Нэг үгээр Бээжин Huawei компанийн технологийг ашиглаж улс орныг нь тагнах, цаашлаад харилцаа холбооны салбарт доголдол үүсгэж болзошгүй гэж эдгээр орнууд болгоомжилж байна гэж BBC агентлаг тайлбарлажээ.

Huawei компанид үл итгэх учир юу вэ?

Тус компани ажилчдын эзэмшлийн буюу хувийн компани, Хятадын засгийн газартай ямар ч холбоогүй гэдэг. Мөн жилдээ 13.2 тэрбум долларыг технологио боловсронгуй болгох судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулдаг, энэ чиглэлд дэлхийд тэргүүлэгч гэж өөрсдийгөө тодотгодог.

Гэсэн хэдий ч Huawei компанийн үүсгэн байгуулагч Рен Зенгфей нь Хятадын армийн инженер асан, 1978 онд Хятадын Коммунист намд элссэн тул шүүмжлэгчид үл итгэдэг байна.

Хятадын засгийн газар энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

Хятадын тал Huawei гар утсыг Америкт худалдах гэрээ бүтэлгүйтэхэд Америк эдийн засгаа хамгаалах бодлого баримталж байна гэв. Харин наймдугаар сард Австрали дотоодын компаниудад 5G сүлжээний төхөөрөмжөө Huawei-аас авахыг хориглоход Хятадын тал ялгаварлан гадуурхлаа гэж мэдэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр Хятадын Huawei компанид хөгжиж буй орнууд ихээхэн нааштай ханддагийг дурдах шаардлагатай. Тухайлбал Папуа Шинэ Гвиней улс Мягмар гарагт Huawei-тэй хамтран эхлүүлсэн шилэн кабель татуулах ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ зарласан юм. Уг ажил нь 200 сая долларын төсөвтэй ба Хятадын Экспорт-Импорт банк санхүүжүүлж, Huawei компани 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Эх сурвалж: nytimes.com, bbc.com