Хуавей компани өөрсдийн бүтээж буй Арк буюу Хонг Менг үйлдлийн системээ Европт Хэрмони гэх нэрээр гаргана гэж мэдэгдлээ. Олон сарын турш бүтээж буй уг үйлдлийн систем нь нэмэлтээр эсвэл андройдыг орлох эсэх нь тодорхойгүй байна. Мөн Оросын Аурора үйлдлийн систем дээр тулгуурлан бүтээгдэж байх магадлалтай юм. 

Өнгөрсөн тавдугаар сард Хуавейгийн хэрэглэгчидтэй харилцах газрын гүйцэтгэх захирал Ричард Юугийн хэлснээр уг үйлдлийн систем нь андройдын бүх аппликейшнд тохирсон ба 60 хувиар хурдан байна гэжээ. 

Мөн уг үйлдлийн системийг энэ жилийн намар эсвэл ирэх хавраас ашиглаж эхэлнэ гэж мэдэгдсэн юм. Гэхдээ энэхүү үйлдлийн системийг зөвхөн компьютерт зориулан гаргах магадлалтай гэсэн ч Гүүглийн хоригоос үүдэн ухаалаг утсанд нэвтрүүлж магадгүй байна. 

Америкийн засгийн газар өнгөрсөн тавдугаар сард Америкийн компаниудыг Хуавейтэй хамтран ажиллахыг хориглосон юм. Учир нь Хуавейг хэрэглэгчдийнхээ мэдээлллийг Хятадын засгийн газарт өгдөг ба Америкийн үндэсний аюулгүй байдалд халтай гэж үзжээ. 

Ингэснээр Гүүгл, Арм, Амазон зэрэг компаниуд Хуавейгаас харилцаагаа тасалсан юм. Үүнээс болж Хуавейгийн ирээдүйд үйлдвэрлэгдэх утаснууд андройд үйлдлийн систем хэрэглэх боломжгүй болжээ. 

Эх сурвалж: Forbes, Techrepublic