Гүүгл компани Америкийн засгийн газрын хоригийн дагуу Хуавей компаний утсан дахь зарим программ, үйлчилгээгээ хязгаарлалаа.

Ингэснээр Хуавей компаний утаснуудад андройд үйлдлийн системийн шинэчлэл хийгдэхгүй бөгөөд удахгүй худалдаанд гарах загварууд Play store, Gmail, YouTube зэрэг аппликейшнүүдийг ашиглах боломжгүй байх гэнэ.

Харин нээлттэй зөвшөөрлийн дагуу тооны машин, камер, хөгжим тоглуулагч, мессеж зэрэг андройд үйлдлийн системийн аппликейшнийг ашиглаж болно.

Америкийн засгийн газар өнгөрсөн Пүрэв гарагт Хуавей компанийг хар жагсаалтад оруулж дотоодын компаниудыг засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадны технологийн зарим компаниудтай худалдаа хийхийг нь хориглосон юм.

Чип судлаачид Хуавейг Америкийн тусламжгүйгээр үйл ажиллагаагаа явуулж чадах эсэхэд эргэлзэж байгаа бол Хуавей компаний зүгээс Америкийн хоригийн талаар судалж байгаа гэж мэдэгджээ.

Хуавей компани сүүлийн хэдэн жил өөрийн гэсэн үйлдлийн системээ бүтээхээр ажиллаж байгаа ба үүнийгээ Хятадад зарагдсан зарим бүтээгдэхүүндээ туршиж байгаа гэдгийг компаний зүгээс хэллээ.

Одоогоор дэлхий даяар 2.5 тэрбум идэвхтэй андройд төхөөрөмж байдаг гэж Гүүгл мэдээллээ.

Эх сурвалж: BBC, Reuters