Хятадын гар утас үйлдвэрлэгч Хуавей компаний санхүүгийн менежер Мэн Ванзоуг энэ сарын нэгэнд Канадын онгоцноос баривчилжээ. Түүнийг Америкийн талд Баасан гарагт шилжүүлж байцаах гэнэ.

Тэрээр Хуавейгийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфейгийн охин бөгөөд ТУЗ-ын дарга юм. Одоогоор Мэний баривчлагдсан шалтгааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон гэдгийг Канадын Хууль зүйн департамент хэллээ.  

Хуавейгийн зүгээс энэ талаар тодорхой мэдээлэл аваагүй бөгөөд хатагтай Мэн болон компаний зүгээс Америк, НҮБ, Европын холбооны хууль, хоригийг зөрчөөгүй гэв.

Уолл Стрийт сэтгүүлийн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлснээр Америкийн Хууль зүйн департамент Хуавей компанийг Ираны хоригийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн шалгаж байжээ.

Америк зэрэг орнууд Хуавей компаний бүтээгдэхүүнийг улсын нууцад халтай гэж үзэн хяналтдаа аваад байсан юм. Ялангуяа Америк тус компани Хятадын засгийн газрын тагнуулын үйл ажиллагаанд тусалдаг байж магадгүй гэж үздэг байна.

Пентагон өнгөрсөн тавдугаар сард Хуавей, ZTE компаний ухаалаг утсыг цэргийн баазад худалдаалахыг хориглосон юм.

Мөн Америкийн засгийн газар холбоотнуудаа Хуавейгийн утаснаас татгалзахыг уриалснаас болж Шинэ Зеланд, Австрали улсууд тус компаний 5G технологийг нэвтрүүлэхийг хориглосон байна.

Мөн Их Британий BT компани уг 5G технологийг хэрэглэхгүй гээд хоёр жилийн дотор одоогийн 4G сүлжээнд ашиглагдаж буй утаснуудын хэрэглээг зогсооно гэдгээ мэдэгдсэн юм.

Хуавей компани нь 170 орны үүрэн телефоны шилдэг 50 компаний 49-тэй нь хамтарч ажилладаг гэнэ.

Хуавейгийн өрсөлдөгч ZTE компани Ирантай хууль бус худалдаа хийсэн хэргээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн хоригийн жагсаалтад орсон юм. Гэвч өнгөрсөн долдугаар сард компаний төлөөлөгчидтэй тохиролцоонд хүрснээр хоригоо буцаасан байна.

Эх сурвалж: CNN, CNN