Жил бүр дэлхийд дөрвөн эмэгтэй хүүхэд тутмын нэг, найман эрэгтэй хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртдөг бол 20 хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэх судалгаа гарчээ.

Магадгүй эргэн тойрны тань хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн, өртөж байгаа ч түүнийгээ нууж, дотроо шаналсаар яваа байх. Амьдралыг эерэгээр харж, инээж баясах насандаа тэд жижигхэн биендээ ахадсан хүнд шаналалыг амсах нь хэтэрхий шударга бус. Ийм байдлыг та бид л анхаарч, санаа тавихгүй бол хойч үе маань улам харанхуй, бүрхэг болохвий.

Тиймээс бид танд хүүхдийн хүчирхийллийг хэрхэн таних, шинж тэмдгүүдийг хэрхэн тодорхойлж, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

18 буюу түүнээс доош настай хүүхдийн бие болон сэтгэлд санаатайгаар хохирол учруулах, тэдэнтэй ёс бусаар харьцах нь хүүхдийн хүчирхийлэлд тооцогддог.

Хүүхдийн хүчирхийлэл нь дараах хэлбэрээр илэрнэ.

  • Бие махбодын хүчирхийлэл. Энэ нь хүүхдийг бие махбодын хувь гэмтээх, хор хөнөөл учруулахыг хэлнэ.
  • Бэлгийн хүчирхийлэл. Үүнд хүүхдийг илж таалах, бэлгийн харилцаанд орох, садар самуунд уруу татах зэрэг орно.
  • Сэтгэл санааны дарамт. Хүүхдийн өөртөө итгэх итгэлийн унагаах, сэтгэл санааг шархлуулах, тэднийг дорд үзэх, загнах, тусгаарлах, үл ойшоох зэрэг орно.
  • Үл ойшоох. Хүүхдэд хоол хүнс, орон байр, хайр халамж, хяналт, боловсрол, эрүүл мэндийн тал дээр хангалттай анхаарал хандуулахгүй байх.

Хүүхдийн хүчирхийлэл нь ихэнх тохиолдолд түүний мэддэг, итгэдэг хэн нэгнээр үйлдэгддэг ба эцэг эх эсвэл хамаатан нь байх магадлал өндөр байдаг байна.

Шинж тэмдэг

Хүүхэд хүчирхийлүүлж байгаа эсэхийг олж мэдэх амаргүй. Хэн ч итгэхгүй байх, намайг буруутгахвий гэсэн бодлоос үүдэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бусдад хэлэхээс айдаг. Үүнээс гадна тэднийг хүчирхийлсэн этгээд нь гэр бүлийн гишүүн, хайртай хүн нь байх магадлал өндөр байдаг тул нууж, хаацайлах хандлагатай байдаг аж. Эцэг эхчүүд ч хүүхдээ хүчирхийлэлд өртсөн гэх бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийж, хүчирхийллийн шинж тэмдгүүдийг анзаарах боломжгүй болдог.

Хүчирхийлэлд өртөж буй хүүхэд дараах шинж тэмдгүүдийг үзүүлэх болно. Үүнд:

  • Найз нөхдийн болон нийгмийн үйл ажиллагаанаас татгалзах
  • Ууртай болох зэрэг зан аашийн өөрчлөлт гарах эсвэл хичээлийн үзүүлэлт нь буурах
  • Сэтгэл гутралд орох, түгшүүртэй байх, айх эсвэл өөртөө итгэх итгэлээ алдах
  • Илт хяналтгүй болох, зөрүүдлэх
  • Хичээлээ таслах, дургүй болох
  • Гэртээ харихыг хүсэхгүй байх
  • Гэрээсээ оргох
  • Амиа хорлохыг завдах

Хүчирхийллийн төрлөөс хамаараад тодорхой шинж тэмдгүүд өөр өөрөөр илэрнэ. Гэхдээ эдгээр нь анхааруулах тэмдгүүд ба хүүхэд хүчирхийлэлд шууд өртөж байна гэсэн үг биш.

Бие махбодын хүчирхийллийн шинж тэмдэг

  • Тодорхойгүй шарх сорви, гэмтэлтэй байх
  • Тайлбартайгаа тохирохгүй гэмтэлтэй байх
  • Эмчлэгдээгүй ариун цэврийн, шүдний зэрэг асуудалтай байх

Бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг

  • Насандаа тохироогүй бэлгийн зан ааш, мэдлэгтэй байх
  • Жирэмсэн эсвэл бэлгийн замын өвчтэй байх
  • Явах, суухдаа асуудалтай байх
  • Бусад хүүхдийг уруу татах

Сэтгэл санааны дарамтын шинж тэмдэг

  • Том хүнээс болгоомжлох, үл итгэх
  • Өөртөө итгэлгүй болох
  • Унтаж чадахгүй байх
  • Үе тэнгийнхнээс зайгаа барих
  • Архи, мансууруулах бодис хэрэглэх
  • Анхаарал нь төвлөрөхгүй байх
  • Зожиг эсвэл хэт дуулгавартай болох
  • Хүчирхийллийн талаар түүх, шүлэг бичих, зураг зурах
  • Ямар нэг чадвараа алдах

Үл ойшоох шинж тэмдэг

  • Өсөхгүй, хэт эцэнхий байх
  • Эрүүл ахуй сахихгүй байх
  • Бие махбодын хэрэгцээг хангахуйц хувцас, хангамж дутагдалтай байх
  • Бусдын хоол, мөнгө зэргийг зөвшөөрөлгүй авах
  • Нэг дор хэт их идэх, хоолоо хадгалах
  • Сургуулийн ирц муу байх
  • Эрүүл ахуй сахихгүй байх
  • Хайхрамжгүй байх

Заримдаа эцэг эхийн зан авир нь хүүхдийн хүчирхийллийн шинж тэмдгийг илэрхийлдэг. Эдгээрт:

  • Хүүхдэдээ анхаарал хандуулахгүй байх
  • Хүүхдийн бие болон сэтгэлийн байдлыг хайхрахгүй байх
  • Хүүхдийг байнга загнаж, буруутгах, хүүхдээ “хэрэггүй”, “чөтгөр” гэх мэт сөрөг байдлаар дүрслэх
  • Хүүхдэд биеийн харгислалаар сахилга бат өгөх, багшаас хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэхийг хүсэх
  • Хүүхдийг бусадтай харилцахыг хязгаарлах
  • Хүүхдийн гэмтэлтэй тохирохгүй тайлбар өгөх эсвэл огт тайлбар хийхгүй байх

Эрсдэлийн хүчин зүйлс

Дараах шинж тэмдгүүд хүнийг хүчирхийлэгч болох эрсдэлийг нэмэгдүүлдэг:

  • Хүүхэд байхдаа хүчирхийлүүлсэн
  • Сэтгэл гутрал, стресс зэрэг сэтгэцийн эсвэл бие махбодын өвчтэй хүмүүс
  • Гэр бүлийн хүчирхийлэл, зөрчил, эцэг эх нь салах, зэрэг гэр бүлийн маргаан, асуудалтай хүн.
  • Хөгжлийн болон бие бялдрын бэрхшээлтэй
  • Санхүүгийн асуудалтай, ажилгүй
  • Нийгэм болон гэр бүлээсээ тусгаарлагдсан
  • Хүүхдийн хөгжил болон эцэг эхийн чадварын талаар ойлголтгүй
  • Архи болон бусад мансууруулах бодист донтсон хүмүүс

Үр дагавар

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд ихэнх тохиолдолд биеийн гэхээсээ илүү сэтгэл санаагаар хохирч үлддэг байна. Тэд  гүн хямралд орж, хэрцгий зан авиртай болдог ба цаашлаад амиа хорлох ч тохиолдол гардаг. Харьцангуй том болсон хүүхдүүд архи, тамхи зэрэг мансууруулах бодист донтдог бол бага насны хүүхдүүд сэтгэл санааны хувьд ноцтой шархалдаг ажээ.

Урьдчилан сэргийлэх

Та дараах байдлаар өөрийн болон бусдын хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

  • Хүүхдээ хайрлаж, халамжлах. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ итгэлцэл үүсгэж, эерэг харилцаа тогтоохын тулд тэднийг сонсож, түүний амьдралд нь оролцох хэрэгтэй. Байгаа асуудлаа хэлэхийг уриал. Дэмжлэг бүхий гэр бүлийн орчин нь хүүхдийн өөртөө итгэх итгэл болон үнэлэмжийг дээшлүүлдэг.
  • Ууртай харьцаж болохгүй. Хэрэв таны уур хүрсэн бол түр завсарлага ав. Хүүхдэдээ уураа гаргаж хэрхэвч болохгүй.
  • Хяналт тавь. Хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээж болохгүй. Олон нийтийн газар хүүхэдэдээ анхаарал тавь. Хэрэв хяналт тавихгүй байх хэмжээний том болсон бол хүүхдээ танихгүй хүнээс хол байж, ганцаараа байхаас илүүтэй найзуудтайгаа хамт байхыг зөвлө.
  • Онлайн орчинд аюулгүй байх талаар зааж сурга. Компьютерээ хүүхдийнхээ өрөөнд биш том өрөөнд байрлуул. Хүүхдийнхээ орж байгаа вебсайтуудыг анхаарч, шалгаж байх хэрэгтэй.

Энэ сарын 31 буюу Бямба гарагт хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал Чингисийн талбайд 11:00 цагаас болох гэж байна. Хамтдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө, энхрий бяцхан үрсийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж, жагсацгаая.

Эх сурвалж: psychologytoday.com