Нийслэл болон төвийн зургаан дүүргийн удирдлагууд Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо зэрэг ТББ-ын төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтаар цаашид худалдаа, үйлчилгээ, хэрхэн, ямар журмаар зохицуулах тухай ярилцжээ. Мөн энэхүү журамд ТББ болон холбоод санал оруулах гэнэ. Гэхдээ санал оруулахын тулд хоёр шатны хэлэлцүүлгийг дүүргүүдэд явуулах юм байна.

Улмаар хэлэлцүүлгээс ирсэн саналыг нэгтгэж, нэгдсэн хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулахаар боллоо.

Худалдаачдын зүгээс бизнес эрхлэх эрхзүйн орчинг бүрдүүлж, бодлогын түвшинд дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэн, эдийн засгийн баталгаагаар хангахыг хүсэж байгаа юм.

Учир нь 2017 онд нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх шийдвэр гаргасан байдаг. Гэвч худалдаачид “ТҮЦ эрхэлж амьдралаа залгуулдаг. Хотын дарга худалдаачдын эрхийг зөрчиж байна” гэсэн юм.

Харин албаныхан явган хүний зам болон автобусны буудал дээр ТҮЦ байх нь зохимжгүй гэж үзэн үйл ажиллагаа эрхлэх өөр газрыг зааж өгсөн байна.