Худалдаачид ТҮЦ-г албадан нүүлгэж, ил задгай худалдааг хориглож байгаа Нийслэлийн шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын байр буюу Тусгаар тогтнолын ордны гадна хугацаагүй суулт хийхээ мэдэгдлээ.

Тэд “худалдаачдыг төрөөс дэмждэггүй юм аа гэхэд үйл ажиллагаагаа тайван явуулах боломж олгооч” гэлээ.

Хугацаагүй суулт энэ сарын 12-с эхлэх бөгөөд эхний ээлжид МАН-ын байрны гадна уриа лоозон барьж, шаардлагаа хүргэх гэнэ. Тэд цаашлаад өлсгөлөн зарлах хүртэл тэмцлийн бүх хэлбэрт шилжинэ гэлээ.

Худалдаа эрхлэгчид хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т өгнө гэж Даваа гарагт мэдэгдсэн юм. Мөн МАН-ыг мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан гэж үзэн шаардлага хүргүүлсэн байна.

Учир нь МАН мөрийн хөтөлбөртөө иргэдийг сайхан амьдруулна, ажилгүйдэл ядуурлыг бууруулна гэж тусгасан ч худалдаа эрхлэгчдийн ажлын байрыг булааж  иргэдийг ядуу тарчиг амьдрал руу түлхэж байна гэсэн юм.

Харин хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг “одоо үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ний оронд автобусны карт зарах нэрээр найман сая төгрөгийн үнэтэй шилэн ТҮЦ байршуулах гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзэн АТГ-т өгөхөөр болжээ.

Сануулбал, өнгөрсөн онд Нийслэлийн удирдлагууд явган хүний зам болон автобусны буудал дээр ТҮЦ байх нь зохимжгүй гэж үзэн нүүлгэж, үйл ажиллагаа эрхлэх боломжит газрыг зааж өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Гэвч ТҮЦ эрхлэгчид байршлаа өөрчлөхгүй гэдгээ илэрхийлж, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Улмаар нийслэлийн зүгээс албадан нүүлгэх шийдвэр гаргасан юм.