Монголын худалдаачдын холбоо ТББ-аас мэдээлэл хийж, хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т өгнө гэж мэдэгдлээ. Мөн МАН-ыг мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан гэж үзэн шаардлага хүргүүлэхээр болжээ. 

Тэд “шүүхийн шийдвэр гараагүй байхад Нийслэлээс ТҮЦ-г албадан нүүлгэж байгааг эсэргүүцэн, мөрийн хөтөлбөртөө иргэдийг сайхан амьдруулна, ажилгүйдэл ядуурлыг бууруулна гэж тусгасан МАН иргэдийг ядуу тарчиг амьдрал руу түлхэж байна” гэлээ.

Түүнчлэн хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Одоо үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ний оронд автобусны карт зарах нэрээр найман сая төгрөгийн үнэтэй шилэн ТҮЦ байршуулах гэж байна” хэмээн Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа хэллээ. Тиймээс түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн АТГ-р шалгуулахаар болжээ.

Энэ талаар НЗДТГ-аас тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй юм.

Өнгөрсөн онд Нийслэлийн удирдлагууд явган хүний зам болон автобусны буудал дээр ТҮЦ байх нь зохимжгүй гэж үзэн нүүлгэж, үйл ажиллагаа эрхлэх боломжит газрыг зааж өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Гэвч ТҮЦ эрхлэгчид байршлаа өөрчлөхгүй гэдгээ илэрхийлж, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Улмаар нийслэлийн зүгээс албадан нүүлгэх шийдвэр гаргасан юм.

ТҮЦ эрхлэгчид ачуулсан ТҮЦ-ээ авъя гэхээр “Тухайн газартаа дахиж ТҮЦ тавихгүй гэж гарын үсэг зурж, хоёр удаагийн ачилтын мөнгө буюу 320.000 мянган төгрөгийг төл” гэсэн шаардлагыг тавьдаг байна.

Харин ТҮЦ эрхлэгчид “өдрийнхөө орлогоор хоногийнхоо хоолыг залгуулж байгаа бидэнд тийм их мөнгө байхгүй” гэлээ.

Тэдний дийлэнх нь өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амьдралын түвшин доогуур иргэд байдаг гэж Монголын худалдаачдын холбооны гишүүн Д.Сосорбарам ярьсан юм.