Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн гуравдугаар сард импортын ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулж, “шударга худалгаа”-г дэлхий дахинд бий болгоно гэж мэдэгдэв. Үүний хариуд Америктай худалдаа хийдэг улсууд болох Канад, Мексик, Герман, Орос зэрэг улсууд Америкийн бараанд тариф оногдуулахаа зарласнаар дэлхийн худалдааны дайн эхлээд байна.

Гэхдээ энэ удаагийн худалдааны дайн Америк, Хятадын дунд хамгийн хүчтэй өрнөж байна. Учир нь Америк зөвхөн Хятадын импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулж, үүний хариуд Хятад мөн Америкийн бараанд татвар оногдуулж эхэлсэн юм. Хамгийн сүүлд л  гэхэд Хятадаас орж ирэх 200 тэрбум долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд Америк 10 хувийн татвар ногдуулсан ба оны эцэст энэ нь 25 хувь болох юм.

Америкийн эхлүүлсэн худалдааны дайны улмаас дэлхийн эдийн засаг 90 их наяд долларын хохирол амсах магадлалтай байна хэмээн Английн төв банк мэдээлээд байна. Тэгвэл уг худалдааны дайн манай улсад хэрхэн нөлөөлөхийг салбарынхнаас тодрууллаа.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

Манай судлаачдын хийсэн тооцоогоор гадаад орчинд гарч буй өөрчлөлтүүд нь худалдааны болон санхүүгийн сувгаар дамжаад дотоодын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг буюу эдийн засгийн өсөлт, инфляцын бараг 50 хувьд нөлөөлж болно. Иймд дотоод эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүд болох гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, санхүүгийн хуримтлал бий болгох, долларжилтыг бууруулах зэрэг асуудалд юуны өмнө анхаарах ёстой. Сүүлийн саруудад гарч буй өөрчлөлтөөс харахад дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ унах хандлага гарч байна. Одоохондоо нүүрсний зах зээл дээр огцом өөрчлөлт гараагүй, манай улсын экспортод сөрөг нөлөө нь илрээгүй байна. Бидний хувьд том гүрнүүдийн бодлого, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ хэрхэн өөрчлөгдөх нөлөөллийг анхааралтай ажиглаж байна. Гадаад зах зээл дээрх өөрчлөлт хэр хүчтэй илрэхээс шалтгаалж, дотоод эдийн засагт учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын тохируулгыг цаг тухайд нь хийнэ. Монголчууд бид худалдаа арилжаагаар амьжиргаагаа зохицуулан амьдарч байгаа атлаа тодорхой үр дүнд хүрсэн гадаад худалдааны цогц бодлогогүй, энэ асуудлыг дангаар хариуцсан яамгүй явж ирлээ. Ялангуяа дэлхийд худалдааны маргаан хүчтэй өрнөж буй энэ цаг үед энэ асуудалд анхаарлаа хандуулах учиртай.

МУИС-ын доктор, эдийн засагч Ч.Хашчулуун:

Худалдааны дайн Азийн орнуудад сайн муу 2 янзаар нөлөөлж байна. Филиппин, Вьетнам зэрэг улсад эергээр нөлөөлж тэд худалдааны дайнаас хожиж байна. Харин эсрэгээрээ Монгол зэрэг жижиг улсад сөргөөр нөлөөлнө. Учир нь, манай улс ган, зэс зэргийг голдуу экспортолдог. Гэвч Америк Хятадын ганд тариф ногдуулсан. Тиймээс одоогоор сөрөг нөлөө үзүүлэхгүй ч цаашид эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Худалдааны дайн Америкт эергээр нөлөөлж эдийн засаг нь өсөж, ажилгүйдэл буурч байна. Харин Хятадад сөргөөр нөлөөлж, эдийн засаг нь муудаж, ажилгүйдэл ихсэх төлөвтэй байна. Худалдааны дайн цаашид илүү хурцдаж, урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа.

МУИС-ийн доктор, профессор Л.Оюун:

Эерэг сөрөг аль аль нь байж болно. Манай улсын экспорт импортын дийлэнхийг Хятад эзэлдэг учир Хятадаар дамжин нөлөөлнө. Жишээ нь, Хятадын импорт багассанаар дотоодын нийлүүлэлт нь ихсэж, зах зээлийн үнэ буурна. Тэгэхээр манайд орж ирдэг Хятадын импортын барааны үнэ буурах магадлалтай.

Мөн Америкийн хувьд Хятадаас нийлүүлдэг бараа дутна. Иймээс тэр орон зайг олж, орлох бүтээгдэхүүнийг нийлүүлснээр экспорт нэмэгдэх бүрэн боломжтой. Ер нь экспортод чиглэсэн барааны үйлдвэрлэл худалдааны дайнаас хожоотой л гарна. Гэхдээ бид зүгээр суугаад байвал эерэг боломжуудыг алдаж, худалдааны дайны хөлд үрэгдэнэ.

Эдийн засагч Т.Доржханд:

Америк, Хятадын худалдааны дайн өнөөдрийн байдлаар тус хоёр улсын эдийн засагт хамгийн ихээр нөлөөлж байна. Энэ жилийн хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт Америкийн хувьд 0.1 нэгж хувь, Хятадын хувьд 0.5 нэгж хувиар буухаар байгаа нь Хятадын эдийн засагт илүү ачааллыг үзүүлж байгааг харуулж байна. Хэрэв зөрчил цааш үргэлжилбэл Хятад ДНБ-ийхээ нэг хувийн өсөлтийг, харин Америк 0.2 хувийг алдахаар байна гэж эдийн засгийн судалгааны байгууллагууд мэдэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар уг зөрчлийн бусдад үзүүлэх нөлөөлөл өндөр биш байгаа хэдий ч хэрэв энэ зөрчил урт хугацаанд хадгалагдахаар байвал бүс нутгийн болоод харилцан худалдаа хийдэг орнуудын эдийн засагт нөлөөлөхөөр байна.

Тухайлбал, Монгол улсын түүхий эдийн экспорт өмнөд хөршид илүү хийгддэг бөгөөд манай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэгддэг эцсийн бүтээгдэхүүнүүд тарифын хязгаарлалтад орвол тэр хэмжээгээр үйлдвэрлэл буурч, манай экспортын орлого буухаар байна.

Мөн энэхүү зөрчил нь Хятадын юанийг сулруулах нөхцөлийг бий болгож Хятадын экспортын бүтээгдэхүүнийг хямдруулах боломжийг олгох болно. Энэ тохиолдолд манайх шиг хөрш орнуудын импортын бараа, бүтээгдэхүүн хямдрах боломжтой ч импорттой өрсөлддөг дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээнд ачаалал ирэх юм.

Мөн валютын зах хөдөлгөөнд орж гадаад болон дотоод валютын тогтвортой байдал алдагдах нөхцөл үүсэхээр байна.

Харин байж болох эерэг өөрчлөлт гэвэл ажлын байр Хятадаас нүүж тарифын хязгаарлалтгүй, илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр экспорт хийдэг орнууд уруу шилжих бөгөөд Монгол эдгээр улсын нэг байх боломжтой юм.

Мөн Хятадын юаниар авсан аливаа зээлүүд, тухайлбал 2.0 ам.доллартай тэнцэх Монголбанкны своп хэлцэл, компани хоорондын зээлийн төлбөрүүд хямдрахаар байна.

Ер нь бид дэлхийн 200 эдийн засгийн нэг бөгөөд улам бүр хавтгай болж буй дэлхийн аливаа өөрчлөлтийг сайн судлах шаардлагатай ба түүнд тохирсон бодлогын арга хэмжээг урьдчилан бэлдэх нь зүйтэй. Тухайлбал, 2012 оноос эхлэн Европын эдийн засаг уналтад орсноор Хятадын экспорт буурч үр дүнд нь манай экспортын түүхий эдийн үнэ 2-3 дахин унасан бөгөөд бид үүнд бэлэн бус байснаар эдийн засаг маань дагаад унасан.