Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлэг боллоо. Уг хуулийн төслийг өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийг анх 1999 онд баталсан ба нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ.

Тодруулбал, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн зохистой тэнцвэрт байдлыг бий болгох, Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоо зэргийг бий болгох шаардлагатай гэнэ.

Мөн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй байна гэж заажээ.

Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэлцүүлгийн үеэр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд таван сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэлээ.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд илүү цагаар ажилласан тохиолдолд олгох цалин, урамшууллыг нарийвчлан тусгаж, ажилтан ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч заавал тэтгэмж олгодог байх гэсэн заалтыг хасах санал гаргасан юм.