Ерөнхийлөгч Хилийн чанад дахь монголчуудын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Ерөнхийлөгч хилийн чанадад буй Монголчуудад тулгамдаж буй асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.  

Тэдний хэлж буйгаар Засгийн газар, Гадаад харилцааны яам хилийн чанад дахь Монгол иргэдэд зориулсан бодлого хэрэгжүүлснээр нөхцөл байдал сайжирч, консулын газрын үйл ажиллагаа илүү нээлттэй, ойр болно гэжээ.

Мөн гадаад суугаа зарим иргэд тухайн улсдаа нийгмийн даатгал төлж, Монголоос тэтгэвэр авах боломжтой болсон хэдий ч илүү өргөн цар хүрээг хамрах хэрэгтэй байгааг сануулсан байна.

Түүнчлэн гадаадад суралцсан залуус хөдөлмөрийн үнэлэмж муу байгаагаас үүдэн Монголдоо ирж ажилладаггүй гэжээ. Тиймээс Засгийн газар, Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагууд гадаад дахь оюутны холбоотой хамтран ажиллахыг хүссэн байна.

Ерөнхийлөгч хариуд нь тооцоо судалгаа хийсний үндсэн дээр хамтран ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэжээ.

Сонирхуулбал, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, ГХЯ-тай хамтран энэ сарын 12-14-нд Хилийн чанад дахь Монголчуудын холбоодын 3-р чуулга уулзалтыг зохиож байна.

Уулзалтад 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй Монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллага, бизнесийн холбоодын 160 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.

Мөн гадаадад боловсрол эзэмшсэн болон сурч буй Монгол оюутнууд, хилийн чанад дахь хүүхдүүдийн Монгол хэл, соёлын дархлаа зэрэг чухал сэдвээр хуралдаж, Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе нээлттэй өдөрлөг зохиож байна.

Өдөрлөгийн хүрээнд үндэсний тэргүүлэгч 50 гаруй ААН, байгууллагууд 500 гаруй ажлын байр зарлалаа.