Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэх явцдаа гэр бүлийн гишүүдийн хамт байрлах боломжтой байр нээгдлээ. Уг байрыг Хавдрын үндэсний зөвлөл ТББ хандив, дэмжлэгээр засаж тохижуулсан байна.

Энэхүү Дарь эхийн өргөө гэх байр нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн сэтгэл заслын өрөө болон өвчтөн, асран хамгаалагч нар байрлах 14 өрөөтэй юм. Өрөө бүрийг өвчтөнүүдэд тохируулан засаж тохижуулснаараа онцлог бөгөөд нэг дор 30 хүн байрлах боломжтой байна.

НИТХ-с хавдрын өвчлөлийг бууруулахаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг сайжруулахаар гадаадын төсөл, хөтөлбөрийг Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Хавдрын үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.

Сануулбал, хавдраар өвчлөх тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгаа ба өнгөрсөн онд л гэхэд 7000 гаруй хүн хавдартай хэмээн оношлогджээ. Гэвч Хавдар судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж буй хүн эмнэлэгт дээд тал нь зургаа хоног л эмчлүүлэх боломжтой байдаг гэдгийг тус эмнэлгийн захирал Ж.Чинбүрэн хэллээ.

Мөн Хавдар судлалын үндэсний төвөөр эмчлүүлж буй хүмүүсийн 50 орчим хувь нь хөдөө орон нутгийн иргэд байдаг байна.