Евро, Чингис, Самурай бондоор нийт 4.38 их наяд төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банканд төвлөрүүлсэн байна. Гэвч хэд хэдэн ноцтой зөрчил шалгалтаар илэрчээ.

Хөгжлийн банк нь улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой ч арилжааны банктай өрсөлддөг болсон гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

Мөн есөн ААН авсан зээлийн эргэн төлөлтөө огт хийгээгүй байна. Тухайлбал, Хөтөл ХХК 161.5 тэрбум, Мон лаа 5.6 тэрбум, ТОСК 355.5 тэрбум, МАК цемент 166.5 тэрбум, Кью Эс Си 187.6 тэрбум, Бэрэн групп 102.4 тэрбум, Эрэл 99.5 тэрбум, Монгол Драй Милк 39.4 тэрбум, Монгема 9.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийгээгүй байгаа юм.

Үүнээс МАК цементийн зээлийн бүтцийг найман удаа өөрчилсөн зөрчил илэрсэн байна. Түүнчлэн Хөгжлийн банкны албан тушаалтнууд зарим зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл илэрчээ. Тухайлбал, Кью ЭС Си болон Хөтөл ХХК нь нэг эзэнтэй бөгөөд эргэн төлөлт ерөөсөө хийгдээгүй байжээ.

Тиймээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулахаар болсон байна.

Үүнээс гадна шалгалттай холбоотойгоор Засгийн газар тогтоол гаргаж, Хөгжлийн банк арилжааны банктай өрсөлдөхгүй байж, эдийн засгийг солонгоруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулахаар болсон ба 2020.01.01 хүртэл Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилжээ.

Энэхүү шалгалттай холбоотой өөрчлөлтийг 2020 оны 10-р сар хүртэл хэрэгжүүлэх ба хууль хяналтын байгууллагын шалгалтын дүнг нэгтгэх юм.

“Хөгжлийн банк эргэн төлөгдөх болон эдийн засагт эерэг нөлөөлөх үзүүлэх эсэх нь тодорхойгүй төслүүдийг бондын мөнгөөр санхүүжүүлсэн нь эдийн засагт дарамт учруулж байгаа. Хөгжлийн банз цаашид 20 тэрбум төгрөгөөс доош зээлийг гаргахгүй байх ёстой” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Засгийн газар 2010 онд Монгол улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн ба тус банк нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.