Засгийн газрын хуралдаанаар арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд Хөгжлийн банк бага хүүтэй зээл олгож байгааг зогсоож, томоохон төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхийг ТУЗ-д нь даалгалаа.

Мөн 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс ААН-дэд зээл олгосонтой холбоотойгоор банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй ААН-ийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг үүрэгдсэн байна.

ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, журам мөрдөөгүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хариуцуулжээ.

Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байдаг. Эдгээр зөрчлийг арилгах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албаныханд даалгасан байна.

Засгийн газар 2010.07.20-нд Монгол улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тус банк нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.