БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан БЗД-т баригдаж буй 10-р цэцэрлэгийн барилгын явцтай танилцлаа. Цэцэрлэгийн барилгын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба гэрээний дагуу ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орох юм. Тус цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын зориулалттай байна.

Энэ үеэр барилгын гүйцэтгэгч компани нэмэлтээр гурван лифт байрлуулах, дулааны шугам сүлжээний эх үүсвэрийг тодорхой болгох, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хариуд нь Б.Баярсайхан, барилгын ажлыг чанартай гүйцэтгэхийг сануулж, хүн хүчээ нэмэгдүүлэн өдрийн ажиллах цагаа уртасгахыг үүрэг болгосон байна. Ийнхүү дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг БСШУСЯ-ны үйлдвэрлэлийн хэлтэс, Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн газар, Дулааны шугам сүлжээ ТӨХК, гүйцэтгэгч компаний хамтарсан уулзалт зохион байгуулж, шийдвэрлэхээр боллоо. 

Сонирхуулахад, 10-р цэцэрлэг нь 1964 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба 1991 онд суурь өвчтэй хүүхдийн сувиллын яслиар ажиллаж 1993 онд тулгуур эрхтний согогтой хүүхдийн анги нээж, 1997 оноос Сувиллын цэцэрлэг-яслийн 10-р цогцолбор болжээ.