‘Бид ч гэсэн энгийн хүмүүс шиг амьдрах эрхтэй’ гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд оролцох нь бүү хэл эрүүл явах эрх нь ч боогдмол байна. Монгол улсад ойролцоогоор 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч тэдний дундаж наслалт бага байгаа нь эмнэлгийн үйлчилгээг бусадтай адил авч чаддаггүйтэй холбоотой гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байна.

Б.Чулуундолгор, Зураг: Өдрийн Тойм

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн их авдаг гэж масс ойлгодог ч үнэндээ эмнэлэгт хамгийн бага үзүүлдэг. Үүнээс болоод дундаж наслалт нь харьцангуй бага байна” гэж Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор ярьсан юм.

Тэргэнцэртэй иргэдийн дундаж наслалт дөнгөж 47 ба 20, 30 жил эмэгтэйчүүдийн үзлэгт ороогүй байх тохиолдлууд элбэг хэмээн Б.Чулуундолгор нэмж хэлсэн юм. Учир нь эмнэлгийн дэд бүтэц, эмнэлгийн ажилтнуудын харилцаа тэднийг дахин эмнэлгийн хаалга татахгүйд хүргэдэг гэлээ.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүндээр өвдөөгүй л бол өвчин намдаах эмээр аргацаадаг гэсэн юм.

Хэдийгээр хороо, дүүрэг болгон эмнэлэгтэй ч ‘үх’ гэж байгаа юм шиг огцом уруу зам, нарийн шат, хаалгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн байтугай энгийн хүн ч орж гарахад хүндрэлтэй байдаг. Үүнээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд биеэ үзүүлэх бус амь насаа эрсдэлд оруулан байж эмнэлэгт очдог байна.

“Би амьдралдаа ганц л удаа дүүргийн эмнэлэгтээ очиж үзүүлсэн. Хүнтэй хамт явсан ч шат, хаалга зэрэг нь аюултай байсан. Тиймээс амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд хувийн эмнэлэг эсвэл таньдаг найз нөхдөөсөө эмнэлгийн үйлчилгээг авдаг болсон” тухайгаа Б.Чулуундолгор хуваалцсан юм.

БЗД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул. Зураг: Өдрийн Тойм

Энэ тухай хамгийн их хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй БЗД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэлэхдээ, “Би ажлаа аваад хоёр жил л болж байна. Эхнээс нь ажлууд хийж байна. Дүүргийн поликлинник төвийг өнгөрсөн жил засварласан. Угаасаа манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн стандартад нийцсэн дэд бүтэцтэй газар байхгүй” гэсэн юм.

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлж, иргэдтэй хамгийн ойр байх зориулалттай өрхийн эмнэлгүүдийн дэд бүтцийг ярих ч шаардлагагүй. ‘Ганцаараа л алхаарай’ гэсэн шиг давчуухан зайтай нарийн урт шат хоёрдугаар давхарт байрлах өрхийн эмнэлэг рүү хөтөлнө. Өрхийн эмнэлэг, Засаг дарга, цагдаа гээд бүгд нэг байшинд байрлана. Ингэхдээ нэг давхарт хорооны ажилчид, хоёр давхарт өрхийн эмнэлэг нь байрлах сонин тогтолцоотой.

Энэ тухай БЗД-ийн поликлиник төвийн эрхлэгч Я.Баяржавхлан хэлэхдээ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлгээр орж гарахад хүндрэлтэй байдаг. Тиймээс зарим тохиолдолд манай эмч нар гадаа машинд өвчтөнөө үздэг” гэв.

Асуудал үүгээр дууссангүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дунд эмэгтэйчүүд хамгийн олон бэрхшээлтэй тулгарч байна. Эмэгтэйчүүдийн үзлэгийн орон дээр гарахад хэцүү, жирэмсэн боллоо гэхэд эмч нарын төвөгшөөж, дорд үзсэн харьцаа гээд тэдэнд тулгарах асуудал дэндүү олон.

Байгалийн жамаар эмэгтэй хүн ээж болж, үрийн зулай үнэрлэх эрхтэй. Гэтэл эмч нар ‘ядарсан өвчтэй хүн’ гэж харахаас бусадтай адил эрхтэй энгийн хүн гэж хардаггүй байна.

Арван хоёр жилийн өмнө өвчний улмаас суумгай болсон Б.Болормаа жирэмсэн болж харьяаллынхаа дагуу СХД-н эмнэлэгт үзүүлжээ. Гэвч эмч өөртэй нь гадуурхаж, дор үзсэн байдлаар харьцсан байна.

Энэ тухай Б.Болормаа хэлэхдээ, “Би жирэмсэн болоод үзлэгт орох гээд очиход эмч ‘за нөхөр минь ганц л юм асууя. Нөхөр байгаа юу гэсэн’ би байгаа гэхэд ‘ийм хүмүүст бас нөхөр байнаа’ гэж хэлсэн. Ер нь эмч нар иймэрхүү маягаар биднийг зөвхөн өвчтэй хүн л гэж хардаг” гэсэн юм.

Б.Болормаа 2016 онд төрсөн ба одоо БГД-т харьяалалтай болсон ч мөн л дүүргийн эмнэлгээс нь ‘жирэмснээс хамгаалах юм тавиул’ гэх дарамт ирдэг байна. Үгүй бол ‘групп болон асаргааны мөнгө чинь орохгүй’ гэж барьцаалсаар байгаа гэнэ. Бүр ‘залуу хүн болохоор чинь үрийн хоолойг чинь боогоогүй шүү’ гэж дүүргийнх нь эмч хэлжээ.

Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд мөн л ялгаагүй дорд үзэж үл тоосон нөхцөлд эмнэлгийн үйлчилгээ авдаг. Хараагүй хүн эмнэлэгт ороод хаана үзүүлэхээ асуухад гурван давхарт 300 тоот гэх мэт чиглүүлсэн хариултыг өгдөг байна. Гэвч хараагүй хүн шат болон эмчийнхээ өрөөг яг хаана байгааг мэдэх боломжгүй.

Эмнэлгийн ажилтнуудаас тусламж хүсэхэд ‘ажилтай байна, ийм байсан юм бол хүнтэй ирэхгүй яасан юм’ гэж уцаарлангуй харьцдаг байна. Бүр үзлэгийн өрөө, эмч зэргийг асуухад ‘энд бичсэн байгааг харахгүй байна уу, тэнэг юм уу’ гэх зэргээр харьцдаг гэнэ.

МСҮТ-ийн компьютерийн багш З.Өөдөс. Зураг: Өдрийн Тойм

Гэтэл энэ нь “харааны бэрхшээлтэй хүмүүсийг сэтгэл зүйн хувьд асар дарамтад оруулж, ‘Би хэрэггүй хүн юм байна. Бусдаас өөр юм байна’ гэх бодолд автуулж гэрээсээ гарахгүй байхад хүргэдэг” гэж хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ-ийн компьютерийн багш З.Өөдөс ярьсан юм.

Өнөөдрийг хүртэл жилд хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн эмнэлгийн үйлчилгээ авч байгааг бүртгэсэн тоо байхгүй, нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэд нь ажил эрхлээд, хэд нь нийгмийн үйлчилгээнээс алслагдмал байгааг харуулсан статистик ч байхгүй.

Энэ мэт эмнэлгийн ажилтны дорд үзэж, дээрэлхсэн харилцаа, иргэддээ ээлгүй дэд бүтцээс болж эмнэлэгт үзүүлэлгүй явсаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд дэндүү эрт хорвоог орхиж байна.