Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрыг байгуулж, орон тоо, бүтцийг баталлаа.

Тухайлбал, 35 хүний бүрэлдэхүүнтэй, протезийн үйлдвэр, мэргэжлийн боловсрол олгох сургууль, сэргээн засах төв гэсэн гурван нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулах гэнэ.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тулгарсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, нийгмийн амьдралд тэгш оролцох боломж бүрдэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд тодорхой ахиц гарна гэж албаныхан үзжээ.

Тус байгууллагад ажиллах боломжтой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулах үүргийг Ерөнхий сайд салбарын сайд С.Чинзоригт өгсөн байна.

Манай улсын нийт хүн амын 3.5 хувь буюу 103.630 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Эдгээрийн 75.1 хувь нь хөдөлмөрийн насны иргэд бөгөөд 42 хувь нь ядуу амьдардаг гэсэн ҮСХ-ны судалгаа байна.