Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ.

Төсөлд төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар байгуулах тухай оруулсан байна.

Өнгөрсөн оны байдлаар манай улсад 103.630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 28 хувь нь л хөдөлмөр эрхэлж, 6-18 насныхны 43 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй гэж үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Манай улс НҮБ-ээс баталсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц болон нэмэлт протоколд 2008 онд нэгдэн орсон. Улмаар конвенцын үзэл баримтлалд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан юм.

Тус хуулийн 40 дүгээр зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгоно” гэсэн заасан байдаг.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн хэрэгжүүлэгч агентлаг болгохоор төлөвлөжээ.

Агентлагийг байгуулснаар 2018 онд нэмэлт орон тоо шаардагдахгүй гэж тооцсон байна. Аймаг, дүүрэг, сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн агентлагийн ажлыг гүйцэтгэх юм.

Энэхүү төслийг дөрөвдүгээр сарын 25-ны Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.