АТГ-ын дарга З.Дашдаваа Мөрдөн шалгах хэлтэс, гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч нартай уулзаж, санал солилцож, үүрэг өглөө. Тус хэлтэс нь 28 мөрдөгчийн орон тоотой бөгөөд эдгээр мөрдөгчид улсын хэмжээнд авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг байна.

Энэ нь ачаалал их, хүн хүч дутмаг байдаг тул цаашид Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөрдөгчийн орон тоог нэмэх зайлшгүй шаардлага байгааг энэ үеэр албан хаагчид хэллээ.

Одоогоор тус хэлтэс нийт 401 хэрэг шалгаж байгаа ба долоо хоног тутам гэмт хэргийн шинжтэй 40-70 гомдол, мэдээлэл хянан шалгадаг байна.

Харин З.Дашдаваа мөрдөгч нарын ачааллыг тэнцвэржүүлэх асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдэж, 33 их наядын асуудлыг шалгах ажил хүлээгдэж байгаа тул энэ хэргүүдийг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэн олон нийтэд үнэн бодит хариу өгөх шаардлагатайг анхаарууллаа.

Учир нь АТГ-ын даргаас чөлөөлөгдөх өдрөө Х.Энхжаргал 2015 онд Өршөөлийн хууль баталж Бондын 33 их наядын хэргийг хаасан тухай мэдэгдсэн юм.

Мөн З.Дашдаваа ажлаа аваад халаа сэлгээ хийсэн зүйл байхгүй Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хувьд өөр ажилд дэвшин томилогдож байгаа тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэлээ.

Сануулахад, энэ сарын хоёронд УИХ-ын чуулганаар АТГ-ын хуучин удирдлагуудыг чөлөөлж, оронд нь Ерөнхийлөгчийн санал болгосноор АТГ-ын даргад З.Дашдавааг, дэд даргад  Ж.Батсайханыг томилсон юм.