Хүмүүс snapchat-ын зураг шигээ царайтай болохын тулд гоо сайхны хагалгаа хийлгэх болсныг эмч нар сануулж байна.

“Snapchat-ын гажиг” гэж нэрлэсэн уг трендэд автсан хүмүүс камерын шүүлтүүрээр зассан мэт том уруул, нүд, нарийн хамартай болохыг хүсдэг гэнэ.

Энэ талаар Бостоны анагаах ухааны их сургуулийн арьс судлалын тэнхимийн судлаачид хэлэхдээ, “Гар утасны аппликейшн хүний нүүр царайг байж боломгүй болгон өөрчилж бодит байдал, төсөөллийн заагийг арилгадаг учир энэхүү тренд аюултай” гэжээ.

Энэ нь залуу үеийнхэнд илүү аюултайг судлаачид онцолж байна. Саяхны нэг судалгаагаар өсвөр насны охид нийгмийн сүлжээг гоо сайхны үнэлэмж болгон тэнд сайхан зураг байршуулахын тулд аппликейшн ашиглан биеийн хэлбэрээ хүртэл янзалдаг болохыг тогтоожээ.

Зураг засах технологийг өмнө нь зөвхөн сэтгүүл сурталчилгааны моделиуд ашигладаг байсан юм. Харин одоо snapchat, facetune зэрэг аппликейшн ашиглан хүссэн хүн бүр арьсаа толигор болгон шүдээ цайруулж нүд, уруулаа томсгох боломжтой болжээ.

Орчин үед зөвхөн олны танил хүмүүс биш ажилладаг, сурдаг хэн бүхэн гоо сайхны стандарт тогтоох болсон байна. Аппликейшнээр зассан зураг хүнийг өөртөө итгэлгүй, бодит төрхөндөө сэтгэл ханамжгүй болгодог байна. Цаашлаад гадаад төрхөө өөрчлөхийг хүсэх сэтгэцийн өвчтэй болгодог гэнэ.

Сүүлийн жилүүдэд селфи зурган дээр сайхан гарахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх хүмүүсийн тоо ихэссэн байна. Америкийн гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн 2015 онд хийсэн судалгаагаар нийт хагалгаа хийлгэсэн хүмүүсийн 42 хувь нь селфи зурган дээр сайхан гарахыг хүссэн бол 2017 онд энэ нь 50 хувь болсон байна.

Селфинээс өмнө хүмүүс ихэвчлэн хамраа тэгшлүүлэх мэс засал хийлгэдэг байжээ. Харин одоо хамрын яс, нүүрээ тэгш хэмтэй болгохыг илүүд үздэг болсныг гоо сайхны эмч нар хэлж байна.

Эх сурвалж: CBS news , Cnet