Америкийн Лас-Вегас хотод 2019 оны өсвөр үеийн хүндийн өргөлтийн ДАШТ амжилттай явагдаж байна.

Уг тэмцээнд манай улсаас Монголын хүндийн өргөлтийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар оролцож Г.Энэрэл хүрэл медаль хүртлээ.

Тэрээр 71 кг-д түлхэлттэй өргөлтөөр 105 кг-ыг өргөснөөр Монголын хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирлаа.

Харин 59 кг-д оролцсон Алдар спорт хорооны тамирчин Б.Хонгорзул амжилттай оролцож, нийлбэр өргөлтөөр 174 кг өргөж тавдугаар байр эзэлжээ.

Г.Энэрэл нь 17 настай,  БГД-ийн Ганзам 20-р сургуулийн сурагч бөгөөд түүний жинд өсвөрийн шилдэг 13 тамирчин өрсөлдсөн байна. Өсвөр үеийн хүндийн өргөлтийн ДАШТ энэ сарын 16-нд өндөрлөх юм.

Дашрамд дурдахад, хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс манай улсын анхны медалийг 2017 онд М.Анхцэцэг хүртэж байжээ.

Зураг: Монголын хүндийн өргөлтийн холбоо