Он гарсаар НМХГ-аас нийслэлийн хэмжээнд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 88 ААН, таван иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар нийт 632 зөрчил илрүүлж, 60.4 хувийг арилгуулж хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчилд торгууль шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг дээрх ААН-үүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, орчны бохирдолтой, мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажиллагсдаа урьдчилсан шинжилгээнд хамруулдаггүй зэрэг нийтлэг зөрчилтэй байжээ. Эдгээр нь нийт зөрчлийн 97 хувийг эзэлсэн байна.

Тухайлбал, СХД-т байрлах Энэр хүнс ХХК, иргэн Б.Шинэдулам, Хатан шигтгээ ХХК, ЧД-ийн Агниста веган фүүд ХХК, Багануур дүүргийн Гүн галуут цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний 14.1 хувьд нь нянгийн бохирдол илэрсэн нь ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүйтэй холбоотой байна.

Мөн БЗД-т байрлах Сэрж Интернэшнл ХХК-ийн Милая цех, Русская зима ХХК, Ч-ийн Ариун Сүлжээ ХХК, Эл эс кэй ХХК, СХД-ийн Шилүүстэйн гол ХХК зэрэг компаниуд ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулаагүй байжээ.

Үүнээс гадна үйлдвэрлэлийн зохион байгуулалт, дотоод бүтэц, өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, их засвар хийгдээгүй, агуулахын стандарт шаардлагыг хангахгүй байгаа зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Сүүлийн үед олон нийтийг хамарсан хоолны хордлого гарах болсон шалтгааныг харахад үйлдвэрлэлийн ариун цэвэр, ажилчдын эрүүл ахуй, хоол үйлдвэрлэлийн стандарт, усны бохирдол зэргээс болсон нь тогтоогдоод байгаа юм.