Бид тоймлоё, Та унш

2019.04.12 Баасан                                5°C   2,631.58  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


Венесуэл дахин тоггүй боллоо

Гэхдээ энэ удаад тун удалгүй хэвийн байдалд нь оруулсан байна. Улс төрийн тогтворгүй байдал үүсэж, ЭЗ нь хямраад буй Венесуэл ийнхүү 4 дэх удаагаа тодорхойгүй шалтгаанаар цахилгаангүй боллоо.

Цахилгааны асуудал тийм ч амар засагдахгүй

Уг асуудлыг бүрэн шийдвэрлэхэд Венесуэлчүүдэд 1 жил шаардлагатай гэнэ. Ойр ойрхон бүх нийтээр тасарч буй цахилгааны асуудлыг шийдэхийн тулд ерөнхийлөгч Мадуро 30 хоногийн цахилгааны хязгаарлалт зарласан юм. Ингэснээр ажлын цаг 2 цагаар багасаж, сургууль цэцэрлэг хаагдаад байна.

Тойм

Цахилгааны сааталд Венесуэлийн ЗГ сөрөг хүчин болон Америкийг буруутгаж байгаа бол сөрөг хүчин техник технологи хуучирснаас болсон гэжээ. Улс төрийн тогтворгүй байдлаас болж Венесуэлийн иргэд хоол хүнс, эм тарианы хомстолд ороод байгаа юм. Иймд Америк, Их Британи, Канад зэрэг 50 гаруй орон Мадурог огцрохыг шаардсан ч тэрээр огцрохгүй гэдгээ мэдэгдэн Америк, Колумбоос дипломат харилцаагаа тасалжээ.


Алаг үрсээ ослоор алдсаар байх уу!

Дээрх уриа бүхий өдөрлөгийг ЭМЯ, ТЦА хамтран зохиож, хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэхийг жолооч нарт уриаллаа. Учир нь манай улсад жилд дунджаар 50 хүүхэд зам тээврийн ослоор нас бардаг ба энэ нь хүүхдийн нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Осолд 10-14 насныхан хамгийн их өртдөг бөгөөд хүүхэд зам гарахдаа 10-15 сек зарцуулдаг учир эцэг эхчүүд хүүхдэдээ зөв дадал суулгаж, жолооч нар хүлээцтэй хандахыг уриаллаа.


Чанартай мах иддэг гэх баталгаа алга

Баян-Өлгий аймгийн иргэн М гэгч УБ руу 20 тн үхсэн байж болзошгүй малын мах нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ. Тухайн иргэн гарал үүслийн бичиггүй махыг хямд үнээр худалдан авч, мал эмнэлгийн гэрчилгээ, улсын байцаагчийн тамгыг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээжээ. Энэ нь түүний анхны хэрэг биш ба тэрээр 2-р сард үхсэн малын мах хадгалж байсныг аймгийн МХГ илрүүлж, торгосон юм. Иймд баталгаатай газраас мах худалдан авахыг иргэдэд анхааруулж байна.


Өмнөд Солонгосын түймэр унтарлаа

Ганвон мужид гарсан хээрийн түймрийг гал сөнөөгч, цэргүүд болон Америкийн тусгайгийнхан ийнхүү 6 хоногийн дараа унтраалаа. Түймрийн улмаас 2 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн орон гэрээ орхисон ба 470 байшин, 200 орчим агуулах шатаж, 41 мянга гаруй мал үрэгджээ. Мөн түймэрт өртсөн оршин суугчдад туслах санд 4/8-ны байдлаар иргэд, олны танил эрхмүүд 10 тэрбум вон хандивлажээ. Тус мужид 617 Монгол иргэн албан ёсоор оршин суудаг ба манай улсын иргэн бэртэж, гэмтсэн гэх мэдээлэл байхгүй байна.


Хар нүхний зургийг анх удаа авлаа

Event Horizon Telescope төслийнхөн дэлхийгээс 54 сая гэрлийн жилийн зайд орших хар нүхний зургийг амжилттай авлаа. Үүний тулд хамгийн хүчирхэг 8 телескопыг холбож дэлхийтэй ижил хэмжээний виртуал телескоп бүтээсэн байна. Уг телескопын цуглуулсан мэдээллийг супер компьютерын тусламжтайгаар боловсруулж зургийг гаргасан байна. Хар нүх нь нарнаас 6.5 тэрбумаар илүү масстай ба таталцлын хүч ихтэй учир гэрэл болон цахилгаан соронзон долгион нэвтрэх боломжгүй юм. Мөн ойр байгаа зүйлсийг олон тэрбум градусаар халааж цаг хугацааг гажуудуулдаг учир дотор талынх нь зургийг авах боломжгүй гэнэ.

Таны сонорт


Image result for lotto icon НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр