Бид тоймлоё, Та унш

2019.04.01 Даваа                                                       9°C   2,631.53  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


Хуванцар бүтээгдэхүүнээс татгалзъя  

Европын парламент 2021 он гэхэд соруул, хөвөнтэй чих ухагч, нэг удаагийн халбага, сэрээ зэрэг 10 төрлийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хориглох хууль баталлаа. Учир нь хуванцар нь хүн болоод амьтны эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй юм.

Байгаль эхийн төлөө дэлхийн улсууд нэгдэж байна

Калифорни хуванцар соруулаас татгалзсан бол манай улс гялгар торыг хэрэглээнээс хасах шийдвэр гаргаад байна. Хуванцар нь ургийн гажиг, хорт хавдар, ой тогтоолт муудах, эрчүүдийн үргүйдэл зэрэг 200 гаруй өвчний шалтгаан болдог. Ялангуяа Монголчуудын өргөн хэрэглэдэг 20, 120-ын сав нь химийн хорт нэгдлийг 2-4 дахин нэмэгдүүлдэг гэнэ.

Хуванцартай амьтан ба хүний эрүүл мэнд

Хуванцрын хаягдлаас болж жилд 100 сая амьтан үхдэг. Мөн дэлхий дээр амьдарч буй шувуу болон загасны 80% нь гэдсэндээ маш жижиг хуванцартай байгааг НҮБ судалгаагаар нотолжээ. Иймд хүмүүс хуванцрын хэрэглээгээ багасгаж, байгальд хаягдсаныг нь дахин боловсруулахыг ОУ-ын мэргэжилтнүүд зөвлөлөө. Эс бөгөөс 2050 он гэхэд далай загаснаасаа илүү хуванцартай болж энэ нь эргээд хүний эрүүл мэндэд заналхийлэх гэнэ.


Автобусны картаа хаясан бол мөнгөө аваарай

Иргэд мөнгөтэй автобусны картаа хаяснаас үүдэн ₮1.8 тэрбум төвлөрсөн учир уг мөнгийг иргэдэд буцаан олгохоор Хотын дарга шийдвэрлэлээ. Гэхдээ хэзээнээс, хэрхэн олгох нь тодорхойгүй байгаа ба автобусны картын түгээлт муу байгаагаас үүдэн иргэд бэлэн мөнгөөр зорчиж байгааг албаныхан шүүмжилжээ. Гэвч зарим иргэд карт болон бэлэн мөнгөөр аль алинаар нь зорчуулахыг хүсэж байгаа юм.


“Хурдан өвөө”

Өдгөө 85 настай Ц.Раднаа Польшид зохиогдсон ахмадуудын ДАШТ-ий 400м гүйлтэд аварга болж, дэлхийн рекордыг шинэчиллээ. Түүний энэхүү амжилтын буухиаг 81 настай ОУХМ Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, тус тэмцээнээс бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн медаль хүртсэн байна. Т.Цэрэндолгор нь Азийн дээд амжилтыг 10, улсынхыг 18 удаа шинэчилснээс гадна ДАШТ-ий 17, ахмадын дэлхийн наадмын 14 медальтай шилдэг тамирчин юм.     


Мадуро Гуайдод хориг тавилаа

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн төрийн албанд ажиллах эрхийг 15 жилээр хаслаа. Учир нь Гуайдо 2015 оноос хойш 90 удаа гадаад айлчлал хийхдээ $94 мянгыг шалтгаангүйгээр үрсэн гэнэ. Мөн ОУ-тай хамтран Венесуэлийн аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ. Харин Гуайдо тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн ба Мадурог хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэжээ.


Анх удаа ДОХ-той донороос эрхтэн шилжүүллээ

Америкийн эмч нар ДОХ-ын халдвартай өвчтөнөөс эрүүл хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Донор эмэгтэй 42 хоногтой байхдаа цус сэлбүүлснээс болж ДОХ-ын халдвар авсан бөгөөд вирусийн эсрэг эм уудаг байсан нь бөөрийг нь хамгаалсан байна. Эмч нарын хэлснээр донор, өвчтөн 2-ын биеийн байдал сайн байгаа гэнэ. ДОХ-той хүмүүсийн хооронд элэг, бөөр шилжүүлэх мэс заслыг анх 1988 онд хийсэн бөгөөд энэ удаагийнх эрүүл өвчтөнд эрхтэн шилжүүлсэн анхны тохиолдол юм.

Таны сонорт


Эх оронч худалдан авалтыг дэмжих үзэсгэлэн 4/2, 3-нд болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр