Монголын анхны тууш зам буюу Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урттай замын хөдөлгөөнийг нээлээ. Уг зам нь Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий гэсэн чиглэлтэй ба цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн замтай нийлдэг байна.

Хурдны зам нь хоёр урсгал, зургаан эгнээтэй, тус бүр нь гурван зорчих зурвастай ба замын дээд хурд 100км/цаг юм. Мөн тус замаар зорчих машинаас 2000 төгрөгийн хураамж авах ба үүнийг нисэх буудал бүрэн ашиглалтад орсон цагаас эхлэн авахаар төлөвлөжээ.

Хурдны замыг 140.3 сая доллароор гурван жилийн хугацаанд барьсан бөгөөд автобусны зогсоол, эргэх, тойрох орц, гарц байхгүй юм. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тууш замд дараах хөдөлгөөнийг  хориглоно.

  • явган зорчигч,
  • ердийн хөсөг,
  • унадаг дугуй, мопед,
  • трактор болон өөрөө явдаг машин механизм,
  • техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.