НМХГ-аас БЗД-т байрлах Бөхийн өргөөний автобусны буудлын арын 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тус байгууллага нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан ба өөр хаяг дээрх эмийн сангийн тусгай зөвшөөрлийг эмийн сандаа байрлуулсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээжээ.

Мөн Насны зам ХХК-д цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна. Ингэхэд зам, барилгын ажлын зузаан, чийг, нягтыг тодорхойлох цөмийн хэмжүүр багажийг тусгай зөвшөөрөлгүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй байранд хадгалж байсан зөрчил илэрчээ. 

Иймд зөрчлийн хэрэг нээн торгох шийтгэлийн арга хэмжээ авч, тус цөмийн хэмжүүрийг прокурорын тогтоолоор гурван сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулах албан даалгаврыг хүргүүлсэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны байдлаар нийслэлд 1100 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байжээ. Эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох эрхийг комиссын хурлаар шийддэг байна.