УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, элчин сайдуудыг эргүүлэн татах болон улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Өмнөд Солонгост суух элчин сайдаар томилох асуудал 2017 оны 11 сард яригдаж эхэлсэн ч эцсийн байдлаар шийдэгдээгүй юм.

Мөн  Австрали, Тайландад суух элчин сайдаар Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцсөн ч эцсийн шийдвэр гараагүй байна. Тиймээс гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар эдгээр гурван хүний нэрийг эргүүлэн татах санал гаргаж, түүнийг нь МАН-ын бүлэг дэмжлээ.

Үүнээс гадна улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргыг огцруулах Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Сануулбал, Өмнөд Солонгост суугаа элчин сайд Б.Ганболдын томилолтын хугацаа дууссан учир эгүүлэн татаж, генерал Б.Хурцыг түүний оронд томилох асуудлыг 2017.12.15-нд дэмжсэн юм. Гэвч Ж.Батзандан нарын 21 гишүүн санал гаргаснаар нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу томилгооны сонсгол хийсэн байдаг.

Б.Хурцыг “хил дамнуулан хүн хулгайлсан гэмт хэрэгтэн” гэдэг бөгөөд тэрээр Дамирангийн Энхбат гэгчийг хил дамнан баривчлан Монголд оруулж ирсэн юм. Нээлттэй сонсголын үеэр Дамирангийн Энхбаттай холбоотой асуудлыг нэлээдгүй хэлэлцсэн байна. Үүнээс үүдэн түүнийг Өмнөд Солонгост суух элчин сайдаар томилох асуудал гацсан юм.