ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн сум дундын шүүхэд эхэллээ. Б.Хурц нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. 

Сануулбал, шүүх хурал долдугаар сарын 23-нд болсон ч гэрчээр оролцсон ялтан Ц.Амгаланбаатарыг эхний хэлэлцүүлэгт оролцуулаагүй гэх шалтгаанаар өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Ингэснээр шүүх хурлыг өнөөдрийн 09:00 хүртэл хойшлуулсан байна. Шүүх хуралд С.Зориг агсны эхнэр Б.Булган, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хохирогчоор оролцсон юм.

Б.Хурцыг дөрөвдүгээр сарын 23-нд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдэд хүчээр хэрэг тулган эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хорих 461-р ангид хорьж, тавдугаар сарын 24-нд сулласан байдаг. 

Б.Хурцын ажилласан байдал, 

  • 1992-2000 онд Торгоны зам ХХК-д менежер, Москва дахь төлөөлөгч,
  • 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, 
  • 2002-2003 онд Монгол улсаас Унгарт суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, 
  • 2003-2004 онд Монгол улсаас Туркт суугаа элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, 
  • 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын орлогч, газрын дарга, 
  • 2006-2009 онд МИАТ хувьцаат компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч,
  • 2009-2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга,
  • 2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга,
  • 2014-2017 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан байна.