Хүн бүхэн хүүхдээ англи хэлээр өөрийгөө бүрэн илэрхийлэх, өндөр түвшний англи хэлтэй болгохыг хүсдэг. Тэр тусмаа хүүхдийг бага насанд нь гадаад хэл сурахад хэл ярианы хөгжил илүү сайн хөгжиж, унаган англи хэлтэй хүн шиг аялгатай болдог байна.

Үүний учир нь хүүхдийн тархи шинэ зүйл хүлээн авч, боловсруулахдаа хурдан байдагтай холбоотой байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гадаад хэл сурах хамгийн тохиромжтой үе бол 10 наснаас өмнөх үе гэнэ.

Иймд бага насны хүүхдэдээ англи хэлний мэдлэг олгоход тань туслах дараах зөвлөмжийг хүргэе.

Хэвшсэн дадал, зуршилтай болох

Танай гэр бүл  яагаад өөрийн гэсэн тогтмол Англи хэлний цагтай байж болохгүй гэж. Үүнийг хэвшмэл болгож чадвал англи хэлээ сайжруулах, байнгын хэрэглээнд оруулахад тустай. Ингэхдээ сургуулийн насны хүүхдэд өдөрт 15-20 минут байхад л хангалттай.

Өдөр бүр тогтмол цагт хүүхэдтэйгээ Англи хэл дээр шинэ дуу, шүлэг сурах, зураг зурах зэргээр сонирхолтой байдлаар хамтдаа хөгжилдөөрэй. Хэл шинээр сурч буй хүүхдүүд шинэ үг, хэллэгийг олон удаа давтан сонсож тогтоох нь чухал байдаг. Иймд нэг сэдвийг 3-5 хоногт судлан, суралцах хэрэгтэй.

Тоглоом тоглох

Хүүхдүүд тоглож байхдаа илүү сайн суралцаж, юмсыг танин мэддэг байна. Технологийн хөгжлийн ачаар хүүхдийн нас болон хувийн онцлогт тохирсон дуу, шүлэг, тоглоомоор дамжуулан англи хэл сурах аппликейшн, вэб сайтууд олширсоор байна.

Жишээ нь, Онлайнаар үлгэр сонсож, дараа нь үүнтэйгээ холбоотой дасгал ажил ажиллаж болдог British Counsil-ын вэб сайтыг санал болгож байна. Мөн та уг сайтаас ой тогтоолт сайжруулах, үг цээжлэх флашкартыг татаж авч хүүхдээрээ ажиллуулах боломжтой бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нь зааж чиглүүлж өгөөрэй.

Сургалтад хамруулах

Англи хэлээр цэгцтэй зөв ярих, дүрмийн мэдлэг, харилцах чадварыг хөгжүүлэх, тухайн орны хэлээр сэтгэх гэх мэт цэгцтэй мэдлэгийг сургалтаар хамгийн зөв системтэйгээр эзэмшүүлнэ.

Сургалтад хамрагдсанаар зөвхөн Англи хэлний мэдлэг сайжраад зогсохгүй бусадтай харилцах, багаар ажиллах, нийтэч байдал, өрсөлдөх чадвар, хүнд туслах гэх мэт чадварууд хөгждөг байна. Ялангуяа хүүхдийг үе тэнгийнхэнтэй нь хамт суралцуулснаар,

  • Өөртөө итгэлтэй байдал болон Англи хэлийг дурлан, сонирхох байдлыг нэмэгдүүлнэ,
  • Зөв, сайн дуудлагыг эзэмшүүлж, ярианы чадварт анхаардаг,
  • Англи хэл дээр олон төрлийн үйл ажиллагаанд оролцож харилцааны чадвараа хөгжүүлдэг,
  • Сонирхолтой, урам өгөхүйц сэдвийн хүрээнд суралцдаг,
  • Бүтээлч байдал, шүүмжлэлт сэтгэлгээ, хамтран ажиллах гэх мэт амьдралд хэрэгтэй чухал чадварт суралцдаг байна.

Дашрамд дурдахад, хэдийгээр хүүхдийг бага насанд нь гадаад хэл сургахад тохиромжтой ч, эх хэлнийх нь дархлааг алдагдуулж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ эх хэлээрээ зөв цэгцтэй, алдаа мадаггүй ярьж, бичих асуудалд онцгой анхаарч, эх хэлний боловсролыг ч мөн дээшлүүлэх шаардлагатай.