Монгол түмний их бахархал Үндэсний их баяр наадам хаяанд ирж, наян настай буурлаас найман настай балчир ч догдлон сууна. Наадамд тэдний үүрэг ч их. Наян настай буурал хурдан буянаа сойж, найман настай балчир хурдны дэл дээр гийнгоо аялах гэж хоног тоолж, хуруу даран суугаа.

Сайны хажуугаар саарын үлгэрээр энд нэгэн зүйлийг дурдахгүй өнгөрч үл болно. Энэ нь улиг болтол ярьдаг унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийн асуудал. Өнгөрсөн онд гэхэд л гурван хүүхэд насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд хорвоог үүрд орхилоо.

Хүүхдийн эрхийг хамгаалахад томоохон хаалт болж буй унаач хүүхдийн асуудлыг саяхнаас дээр доргүй ярьсны дүнд хамгаалалтын хувцас, насны бүртгэл, даатгалын журам зэргийг шинэчлэн тогтоов. Гэхдээ энэ бүхэн унаач хүүхдийг амь насаа алдах эрсдэлээс бүрэн хамгаалж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.

Манай улстай адил хүүхдээр унаач хийлгэдэг байсан улс бол Арабын Нэгдсэн Эмират. Ганц бөхт тэмээн уралдаан бол Баячуудын улс гэдгээрээ алдартай Эмиратын зугаа цэнгэлийн нэг хэсэг юм. Тэд ингэхдээ Азийн ядуу буурай орноос бага насны хүүхдүүдийг хууль бусаар авчран, тэмээгээ унуулж цэнгэдэг байв.

Арабын Нэгдсэн Эмиратын ганц бөхт тэмээн уралдаан, Зураг: Reuters
Арабын Нэгдсэн Эмиратын ганц бөхт тэмээн уралдаан, Зураг: Reuters

Олон мянган хүүхэд тэмээн хөлд гишгүүлэн амиа алдсаны дараа Эмират энэ “заншил”-аа 2002 онд өөрчлөн, уралдаандаа унаач робот ашиглах болжээ. Мөн тэд хуулиа шинэчлэн тогтоон 15 нас хүрээгүй хүүхдээр тэмээ унуулбал гурван жил хүртэлх хорих ял, 5450 доллараар торгодог болж.

Морь унаачийн эрхийг хамгаалж, мэргэжлийн түвшинд морин уралдааныг хөгжүүлж чадсан улс бол Их Британи. Унаач болохын тулд 16-22 настай,  тусгай коллежид хоёр жил суралцан дипломтой болж, дараа нь 18 сар бэлтгэл хийснээр хурдан морь унаж, уралдах эрх нь нээгддэг.

Мөн унаачдын нас, өндөр, жинг нарийн тогтоодог ба цалин нь долоо хоногт 500 мянга орчим төгрөг байдаг гэнэ. Гэвч цалингийн хэмжээ ихэвчлэн хэр олон тэмцээнд оролцох, ялалт байгуулахаас шалтгаалан хэлбэлзэнэ.

Зураг: Chuham

Харин манай улсад унаач хүүхэд 12 нас хүрсэн байх шаардлагатай ч, уг насанд хүрээгүй хүүхдээр морь унуулах явдал олон гарсан байна. Тэр ч бүү хэл саяхан хоёр настай хүүхдээ моринд хүлж, уралдуулсан тохиолдол гарлаа. Цалин хөлсний хувьд тогтсон тоо байхгүй, ёстой л хэн баяны морийг унасан нь ахиухан “хишиг” хүртдэг жамтай.

Нөгөө талаараа морин уралдаан уламжлал гэхээсээ илүүтэй мөнгөтэй, мэдэлтэй эрхмүүдийн бооцоо, зугаа цэнгэл болж байгаа нь Дүнжингаравын хурд зэрэг уралдаанаас бэлхнээ харагддаг. Засгийн газар хэдэн уяач баячуудын эрхэнд орж, өвлийн морин уралдааныг хориглож чадаагүй шийдвэр нь олон улсын хүүхдийн байгууллага, НҮБ-ын чихэнд хүрч хонх уяад амжсан юм.

Дэлхийд ганц гэх “сохор” омогшлоор хүүхдээ эрсдүүлж, тулгаа тойрсоор буй морин уралдааныг Арабын Нэгдсэн Эмират шиг роботоор унуулахаа байг гэхэд, Их Британи шиг уламжлалд тулгуурласан морин спортыг хөгжүүлэх нь жинхэнэ утгаараа дэлхийд танигдах буй.

Хүний эрх, тэр тусмаа хүүхдийн эрх нэн тэргүүн тавигдах өнөөгийн соёлт нийгэмд “Үндэсний их баяр цэнгэл” гэх нэр дор балчир үрсдээ хэдхэн чихэр атгуулаад омголон хүлгийн нуруунд мордуулчихдаг, амь нас, эрүүл мэндээр нь мөрий тавьж баярлаж цэнгэдэг харанхуй уламжлалыг эвдэх цаг хэдийн иржээ.