УИХ-ын 22 гишүүн хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах тухай албан бичигт гарын үсэг зурж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх элдэв гэмт хэргийн золиос болох, амь насаа алдах зэргээр эрх нь ноцтойгоор зөрчигдсөөр байгаа юм.

Өнгөрсөн онд гэхэд 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос дийлэнх нь төрсөн эцэг, хойд эцэг, хамаатан садан, эцэг эхийн найзуудад хүчирхийлүүлсэн байна. Үүнээс үзвэл хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөх нь их байгаа юм.

УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг батлан гаргасан. Гэвч хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийлэл буурахгүй байна.

Иймд хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар Нийтийн сонсголыг яаралтай зохион байгуулж, сонсголоос гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгуулах шаардлагатай гэж гишүүд үзжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад манай улс Пакистан, Мозамбик, Хятад зэрэг улсуудын хамт сүүлийн байрыг эзэлсэн байна.