Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй уулзаж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хууль эрх зүйн асуудлаар санал солилцлоо.

Эмэгтэй гишүүд уг сэдвийн хүрээнд өөрийн санал бодол, судалгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч буй шалтгаан, үр дагавар, хуулийн хариуцлага зэрэг сэдвээр ярилцжээ.

Сүүлийн үед бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байгаа юм. Иймд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Мөн уулзалтын үеэр хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, шийдвэр болон одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өгсөн байна.

Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчиндсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллага үйлдсэн гэмт этгээдүүдийг цаазаар авах ялыг сэргээх саналаа 2017 онд ХЗДХЯ-нд хүргүүлсэн юм.