Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 469 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Харин ханиад томуугийн өвчлөлийн хувь нэмэгдэх болсон шалтгаан нь цагаан сар, амралтын өдрүүдээр нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой гэнэ.

Ханиад томуугаар өвчлөгчдийн 82.3 хувь нь 0-9 насныхан байгаа ба хүүхдийн түргэн тусламжийн 974 дуудлага ирснээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ авчээ.

Сануулахад, ханиад томуугийн тархалт нэмэгдэхээс сэргийлж Хотын даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын нэгэн хүртэл түр зогсоогоод байгаа юм.