Аав, ээж бүр хүүхдийнхээ өрөөг хамгийн сайхан, тохь тухтай тохижуулахыг хүсдэг. Тэгвэл өрөөг нь сайтар төлөвлөж, зугаатай хэв маягаар тохижуулснаар хүүхдийн цаашдын сурч боловсрох, авьяас чадварыг нь нээн илрүүлэхэд тусалдаг гэнэ. Гэхдээ тохилог байхаас гадна аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал юм. Иймд хүүхдийн өрөөнд тавилга худалдан авахаар төлөвлөж байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай. 

Хүүхэд юу хүсэж байгааг сонсох

Хүүхдүүд өөрийн гэсэн ертөнцийн дүр төрхийг бий болгодог бөгөөд гурван настайгаасаа эхлэн өөрийн сонирхлыг хөгжүүлж эхэлдэг байна. Иймд хүүхдийнхээ өрөөг тохижуулахдаа түүний хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Тэдний дуртай өнгө, хэлбэр, хүүхэлдэйн киноны баатар эсвэл хоббиг нь мэдэхийг хичээгээрэй.

Төсвөө зөв тооцоолох

Тавилга худалдан авахаасаа өмнө та хэр их мөнгө зарцуулахаа тооцоолох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөрийн сонирхлыг хэтрүүлж, таны боломжоос давсан өрөөтэй болно гэх хүлээлт үүсэхээс сэргийлнэ. Мөн төсөвтөө тохируулан нэн хэрэгцээтэй тавилгын жагсаалтыг гаргаж, удаан эдэлгээтэй тавилга сонгохыг эрмэлзээрэй.

Аюулгүй байдал хамгийн чухал

Хүүхдийн өрөөний тавилга бөөрөнхий өнцөгтэй байвал тохиромжтой юм. Энэ нь хүүхэд тоглож байхдаа өөрийгөө гэмтээхгүй байхад тусална. Зайлшгүй хурц өнцөгтэй тавилга сонгох шаардлага гарвал зориулалтын өнцөг булангийн зөөлрүүлэгч хийх хэрэгтэй.

Материалын чанар

Хүүхдийн өрөөний тавилга нь байгалийн болон хоргүй материалаар хийгдсэн байх ёстой бөгөөд олон улсын аюулгүй байдлын стандартыг хангасан эсэхийг заавал шалгах хэрэгтэй. 

Хүүхдийн насыг бодолцох

Таны хүүхэд өдрөөс өдөрт өсөж, хөгжиж байгааг мартаж болохгүй. Учир нь өнөөдөр худалдаж авсан ор, сандал ирээдүйд тохирохгүй байх магадлалтай юм. Иймд хүүхдүүдээ таваас доошгүй жилийн туршид хэрэглэх хамгийн том, удаан эдэлгээтэй тавилгыг сонгоорой. Хэдийгээр удаан эдэлгээтэй тавилга илүү үнэтэй ч хямд тавилга олон дахин авснаас илүү хэмнэлттэй юм.