Хууль бус интернет хөтөч буюу дарк веб дэх Welcome to Video сайтад тавигдсан хүүхдийн порно бичлэгтэй холбоотой 12 орны 337 хүнийг олон улсын цагдаа нар илрүүлж баривчилжээ. Тухайлбал, Их Британи, Ирланд, Америк, Өмнөд Солонгос, Герман, Испани, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Чех, Канад зэрэг оронд баривчилгаа хийсэн байна. 

Өмнөд Солонгосоос ажиллуулж байсан Welcome to Video сайтад хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой найман терабайт хэмжээний бичлэг байсан ба үүнийгээ криптовалютаар худалддаг байжээ. 

Прокурорын газрын хэлснээр уг сайтад нярай болон бага насны хүүхдүүдтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн бичлэг тавигддаг ба хэрэглэгчдийг насанд хүрэгчдийн бичлэг оруулахыг хориглодог байна. Уг сайтыг Их Британи, Америк, Өмнөд Солонгос, Германы хамтарсан цагдаагийн хүчин гурван жилийн турш мөрдсөний эцэст илрүүлж сайтыг устгажээ. 

Их Британий цагдаа нар өнгөрсөн жил дарк вебд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зураг, бичлэг оруулдаг Маттью Фалдер гэгчийг баривчилж 25 жилийн ял оноосон юм. Улмаар олон улсын цагдаа нар дарк веб дэх хүүхэд хүчирхийлэгчдийг илрүүлэх хамтарсан мөрдлөгийг эхлүүлсэн байна. 

Welcome to Video сайтад 200 мянга гаруй хүүхдийн порно бичлэг байсан ба эдгээрийг 370 мянган доллараар худалдсан байжээ. 

Олон улсын хамтарсан мөрдлөгийн үр дүнд цагдаа нар хүчирхийлэлд өртсөн 23 хүүхдийг аварсан бөгөөд бусад бичлэг дээрх хүүхдүүдийн байршлыг илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна. 

Эх сурвалж: BBC, Al jazeera