Монгол улс 2006 онд олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээнд элсэн орж, 2008 онд гишүүнчлэлийн статустай болсноор энэ өдрийг тэмдэглэдэг болсон.

Анх 2014 оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн 108 утас 24 цагаар үнэ төлбөргүй дуудлага хүлээн авч эхэлсэн бөгөөд зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн түргэн тусламжийн утсанд ирэх дуудлага ихэсч байгааг албаны сэтгэл зүйч хэллээ. 2014-2017 оны хооронд тус утсанд 630 мянган удаа дуудлага ирж, иргэд тусламж хүсэхээр хандсан байна. Ихэнхдээ таваас дээш насны хүүхэд холбогддог бөгөөд 108 утсанд хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн 22 сэтгэл зүйч 24 цагаар ажилладаг байна.

Ирсэн дуудлагаас үзэхэд архины хамааралтай хүүхдийн хүчирхийлэл гэр бүлд хамгийн их гардаг бөгөөд сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдийн дийлэнх нь ар гэрийн таагүй уур амьсгалтай байдаг гэж Хүүхдийн түргэн тусламжийн утасны ахлах сэтгэл зүйч н.Бадамсүрэн хэллээ.

Мөн тэрээр “108 утас хүүхэд хамгааллын анхан шатны нэгж. Тиймээс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүүхдэд ээлтэй улс болохыг зорин ажилдаг” гэсэн юм.

Сонирхуулахад,

- 2011 онд 18 аймагт Хүүхдийн тусламжийн утас ажиллаж эхэлсэн.

- 2012 онд Харилцаа холбооны зохицуулах хороотой хүүхдийн утасны орох дуудлагыг үнэгүй болгох санамж бичигт гарын үсэг зурсан.

-2014 оны тавдугаар сард Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор 2014-2017 оны эхний хагас жил хүртэл  Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан.