Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн зөвлөлийн хуралдаанаар хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг хэлэлцсэн байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр хэллээ. Тиймээс дараах ажлуудыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг яам, холбогдох байгууллагуудад өглөө. Үүнд:

  • Хүүхдийн асрамж, халамжийн төвд өсөж хүмүүжиж байгаа хүүхдүүдийг
    гэр бүлтэй дүйцэх орчинд өсгөхөд шаардагдах хөрөнгийг  шийдвэрлэх
  • Хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх
    асуудлыг  судалж шийдвэрлэх
  • Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрхийг
    хамгаалахад нийгмийн ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо,
    хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг бууруулах, шүдний эмчилгээний
    зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэх
  • Тусгай зөвшөөрөл олгох журамд хүүхэд ажиллахыг хориглосон ажлын
    байрны жагсаалтыг нэмж тусгах
  • Сургууль, цэцэрлэгийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн
    худалдаж байгаа эсэхэд хяналт тавих, сургууль, цэцэрлэгийн хоол, үйлчилгээний чанар, эрүүл ахуйд тогтмол хяналт тавьж байхыг үүрэг болгосон байна.

Мөн хуралдаанаар энэ онд сургууль, цэцэрлэг, асрамжийн төв, хүүхэд харах үйлчилгээний байрт камер суурилуулах, БЗД-ийн 10-р цогцолборын барилгыг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилтанд үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор болсон юм.

Түүнчлэн хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх тоглоом, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах зөвлөмжийг нийтэд хүргэх ажлуудыг зохион байгуулахаар болжээ.

Хэдийгээр манай улсад хүүхдийг хамгаалах хууль буюу Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бий боловч хүүхэдтэй холбогдсон гэмт хэрэг энэ онд өмнөх оныхоос 34 хувиар өссөн байгааг ЦЕГ мэдээлсэн байдаг.

Ерөнхий сайд хэлэхдээ, яам байгууллага хоорондын ажлын уялдаа, эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал хяналт сул байгаатай холбоотой гэлээ.