Ирэх оны төсвийн эхний хэлэлцүүлэг чуулганаар хэлэлцэгдэж, хоёр дахь шатны хэлэлцүүлэг хийхээр байнгын хороод руу шилжсэн юм.

Ирэх оны төсвийг анх удаа 10 их наядын зарлагатай байхаар оруулж ирсэн бөгөөд төсвийн зарлагын талаар нарийн мэдээллийг тодруулахаар Зарлагын хяналтын дэд хороо хуралдсан байна.

Улмаар З.Нарантуяа тэргүүтэй эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлт гаргаж, УИХ-ын даргад хүргүүллээ.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх онд ердөө 2.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна гэж З.Нарантуяа хэллээ.

Өнгөрсөн онд энэ чиглэлд 6.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан ба энэ жил хүүхэд хамгаалах төсвөө нэмэх бус бууруулж байгаа нь оновчтой бодлого биш гэж тэд үзлээ.

Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах, чиглэлд баталсан багц хуулийг хэрэгжүүлэхэд дор хаяж таван тэрбум төгрөг төсөвлөх шаардлагатайг дурдаад нийтийн сонсголыг төсвийн хоёр дахь шатны хэлэлцүүлгээс өмнө зохиож өгөхийг хүслээ.

Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын чиглэлээр суулгасан 6.4 тэрбум төгрөгөөс 3.7 тэрбум төгрөгөөр нь эд хогшил тавилга авсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Харин ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх үүнийг няцааж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн байгууллага болон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв зэргийг тохижуулж, хэрэгцээт тоног төхөөрөмж авсан гэх тайлбар өгсөн юм.