БСШУСЯ,  Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хүүхэд хамгааллын чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филиф, Ийвэрт нар гарын үсэг зурсан байна.

Уг санамж бичгийн хүрээнд боловсролын салбарт хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах юм. 

Тодруулбал, Хүүхдийг хүмүүжлийн эерэг аргад сургаж, хүүхэдтэй эерэгээр үр дүнтэй ажиллах чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаар оролцогч талууд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан юм. Иймд БСШУСЯ-аас өнгөрөгч гуравдугаар сард Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд хэрэглэгч уриан дор зохион байгуулсан байна. 

Мөн хүүхдэд хориотой хүнс сурталчлах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа нэвтрүүлэг, сурталчилгааг 21:00 цагаас өмнө гаргахыг хориглох тухай холбогдох байгууллагуудтай санамж бичиг байгуулжээ.