Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Хичээлийн жил нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор есдүгээр сард зам тээврийн осол, хулгай, дээрэм, залилах гэмт хэргийн тоо нэмэгддэг байна. Иймд хүүхдийг зам тээврийн осолд өртөх тохиолдлыг багасгах зорилгоор БСШУСЯ, ЦЕГ хамтарсан гэрээ байгуулжээ.

Гэрээнд зааснаар хүүхэд аливаа осол, гэмтэлд холбогдсон тохиолдолд эцэг эх, багш, ажилчид хариуцлага хүлээх гэнэ. Мөн хүүхдийг тавдугаар анги төгстөл нь хичээлд хүргэж өгч байхыг анхаарууллаа.

Үүнээс гадна сурагчдыг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэх сургалтад хамруулж, сургуулийн эргүүл хөтөлбөрийг эрчимжүүлэх юм.

Түүнчлэн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийг ахлах ангийн сурагчдын дунд байгуулж, үе тэнгийн хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал олгох хөтөлбөрийг 100 хувь хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Сануулбал, өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 45 хүүхэд амиа алдаж, 1189 хүүхэд гэмтсэн байна. Эдгээр ослын 61.5 хувь явган зорчигч хэлбэрээр, 38.5 хувь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ.