УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Казинод байгаа зураг нь олон нийтэд тархсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Тэрээр “УИХ-аар Казиногийн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Бид тоглоогүй. Үзэж сонирхсон гээд хариуцлага тооцох бол би бэлэн байна" гэлээ.

Түүний хэлснээр энэ сарын 17-нд УИХ-ын гишүүд Австралийн Сидней хоттой танилцах хөтөлбөрийн хүрээнд казино орсон гэнэ. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали дахь элчин сайд Б.Чулуунхүү нар казинод байгаа зургийг хэвлэл мэдээллийн сайтууд ил болгожээ. 

Гэвч төрийн албан хаагч казинод тоглохыг ёс зүйн дүрмээр хориглосон юм. Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, бүх шатны төрийн албан хаагчдыг мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглосон байдаг. 

Хэрэв төрийн албан хаагч, УИХ-ын гишүүн, сайд нар аль нэг улсад казино тоглож байгаа мэдээлэл ирж, тэр нь батлагдвал албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэсэн юм. 

Уг журмын дагуу казино тоглосон нь тогтоогдсон Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг ажлаас нь чөлөөлжээ.