Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаарх саналыг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулах улсын байцаагчийн дүгнэлтийг холбогдох яам, агентлаг, Засаг дарга нарт хүргүүлсэнч эдгээрээс Хотын даргын тушаалаар 95 зөвшөөрлийг цуцалсан байна.

Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техникийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэний 26 орчим хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарчээ. Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч осол гарсаар байгааг албаныхан хэллээ.

Тухайлбал, уурхайн салбарт сүүлийн гурван жилд 22 хүн нас барсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Эко Алтан Заамар, Пентатерра, Налайхын уурхайд осол гарч найман хүн нас бараад байгаа юм.

Гэвч эдгээрт хяналт шалгалт хийх Мэргэжлийн хяналтын байгууллага боловсон хүчний хувьд хүрэлцээ муутай байдаг гэнэ. Тухайлбал, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган ААН-д хөдөлмөрийн хяналтын 66 байцаагч хяналт тавьдаг байна.

Иймээс ирэх оноос эхлэн улсын байцаагчийн орон тоо, хяналт шалгалтын чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэлээ.