Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийхэд хууль бусаар их хэмжээний тарвага агнаж, тээвэрлэсэн иргэнийг илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэнд холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран явуулж байгаа юм.

Сануулбал, манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой ба тарваган тахлаар өвдсөн тохиолдолд толгой өвдөх, өндөр халуурах, булчирхай томрох, цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Өнгөрсөн жил тарваган тахлын долоон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн юм.

Тиймээс иргэд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзахыг зөвлөлөө.