Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах Империал гоулд майнинг компаний уурхайн талбайд Ням гарагт шилжих шөнө осол гарч хоёр хүн амиа алдлаа. Тодруулбал, хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр хүн усанд унаж осолджээ. 

Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн хяналтын албан хаагчид газар дээр нь ажиллаж байна. Тус компани нь хууль зөрчин нууцаар ажиллаж байсан ба гуравдугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоогоод байжээ. 

Империал гоулд майнинг компани нь ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, Аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй зэрэг зөрчилтэй байсан байна. 

Гэвч тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан тул дахин зогсоож, лацадсан боловч наадам, иргэдийн амралт, аяллын үеийг давхцуулан дахин нууцаар, хууль зөрчин ажилласнаас үүдэн дээрх  осол гарчээ.